С.Амарсайхан: Махан бүтээгдэхүүн боловсруулдаг ААН-ийн 20 хувь нь л стандарт хангаж байна

С.Амарсайхан: Махан бүтээгдэхүүн боловсруулдаг ААН-ийн 20 хувь нь л стандарт хангаж байна

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зарим компанийн үйл ажиллагаанаас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулж мэргэжлийн холбоодоос өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж, олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудын эрх ашиг хөндөгдөж, борлуулалт эрс буурч байна. Иймд Төр, засгийн зүгээс мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжиж, чанар стандартаа хангахгүй байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжид хатуу хяналт тавих шаардлагатай байна” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Харин Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Чанар стандартын шаардлага хангаагүй гээд байгаа аж ахуйн нэгжүүдээс манай холбоонд бүртгэлтэй нь ганц, хоёр нь л байсан. Тиймээс бүх мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа муу гэсэн үг биш. Мөн гадаад руу экспортолдог бүх мах олон нийтэд дэлгэгдээд байгаа шиг байдаггүй. ОХУ, Иран зэрэг улсууд өөрсдийн нарийн хяналтад бэлтгүүлж авдаг учраас хэзээ ч чанар стандартын талаар хөндөгдөж байгаагүй. Иймд ганц, хоёрхон компанийн хууль бус үйлдлээс бусад мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хохирч, цаашдын үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж байна” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн амралтын өдрүүдээр мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг, гадаад, дотоодод нийлүүлдэг 10-аад аж ахуйн нэгжээр ороход 20 хувь нь л стандартын шаардлага хангаж байна. Энэ бол олон жил хяналт шалгалт сул явсныг харуулж буй” хэмээгээд “Олон жил бугшсан эл асуудлыг цэгцлэх цаг нь болсон гэдэгтэй санал нийлж байна. Одоо цэгцлэхгүй бол хохирогч нь иргэд, цаашлаад стандартын дүрэм журмаа мөрдөөд ажиллаж буй олон олон компаниуд хохирч байна. Иймд цаашид хүнсний үйлдвэрлэлийн хяналт шалгалтыг чангатгаж, нарийн зохицуулалтаар цогцоор нь шинэчлэх шаардлага тулгарч байна. Мах, махан бүтээгдэхүүн, цаашлаад хүнсний салбарт үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын үйлдвэрлэлийн бүх шат дамжлага ил тод, хэрэглэгчид итгэлтэйгээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо ч чухал” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.