Улаанбаатар oC

Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална

Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч  тус салбар уналтад орсон.  Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын төлөөлөл  хөндөн ярив.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  Засгийн газар нийтийн тээврийн салбарыг либералчлах бодлого баримтална гэв. Мөн тэрбээр “Хувийн хэвшлийн компаниуд нэгдсэн бүтэцтэйгээр төртэй хамтран ажиллаж, шинэчлэл хийх боломжтой. Ингэснээр нийтийн тээврийн салбар дахь төрийн оролцоо явцдаа буурч,  төрөөс татаас өгөхгүйгээр аж ахуй нэгжүүд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ” гэлээ.  

Нийтийн тээврийн салбарынханд тулгарч буй  өөр нэг асуудал нь ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, засвар арчлалт ихтэй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс үүдэн зардал нэмэгддэг. Тиймээс нийтийн тээврийн автобусны стандартыг өөрчилж өгөхийг тус салбарынхан илэрхийлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийн салбарыг шинэчлэх ажлын хэсэгт үүрэг өглөө.  Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн компаниуд  нэгдэж,  төртэй хамтран ажиллах боломжтой эсэхийг судлах үүрэг өгөв.

2023 оны улсын төсвийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилт дэвшүүлж, 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байгаа билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.