Д.Тогтохсүрэн: Парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр арга алга

Д.Тогтохсүрэн: Парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр арга алга

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгт, Засгийн газар ойрын хугацаанд оффтейк буюу урьдчилсан төлбөрт гэрээнүүдийг нууцаас гаргах хэрэгтэй байна.

Хоёрт, УИХ цаашдаа уул уурхайн бүтээгдэхүүн дээр ийм асуудал гаргахгүйн тулд энэ ондоо багтааж Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлах хэрэгтэй байна. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд, ажлын хэсэг анхны хэлэлцүүлэгт бэлдэж буй. Ирэх долоо хоногоос энэ хуулийг хэлэлцээд нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гуравт, Нээлттэй сонсголын хүрээнд төмөр замын асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна гэж намын бүлэг үзлээ. Хамгийн гол нь олон түмэнд мэдэгдэхүйц хэмжээнд хариуцлагын асуудлыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Бид цаашдаа ийм маягаар явахад хүндрэлтэй байна. Тийм учраас энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр арга алга. УИХ өнгөрсөн наймдугаар сард 54 дүгээр тогтоол гаргасан. УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар Засгийн газар судалж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн дагуу өргөн барих чиглэл өгөгдсөн. Үүнийг ондоо багтааж Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх шаардлагатай байна” гэв.

Мөн тэрбээр “Ерөнхийлөгчөөс албан ёсоор УИХ-ыг тараах албан бичиг ирээгүй байна. Бид үндсэн хуультай. Үндсэн хуульд зааснаар УИХ тарах шийдвэрийг өөрөө гаргадаг. УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч болон УИХ өөрөө гаргах боломжтой. УИХ тарахтай холбоотой асуудлыг удирдах зөвлөл дээр ч, намын бүлэг дээр ч хэлэлцээгүй. Монгол Улсад эдийн засгийн хямрал байгааг бид бүгд мэдэрч байгаа. Дээр нь улс төрийн хямралгүй байлгах ёстой гэдэг байр суурьтай байгаа" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.