Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо больж байна

Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо больж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

-Төв талбайд 50-60 хүн хонож байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна.   Жагсагчидтай дахин уулзсан уу. Тавьж байгаа шаардлагын тухайд ямар ажлууд хийж байна вэ?

-Яг үнэндээ жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо больж байна. Нэг сонссон “Засгийн газар огцор” гэдэг шаардлага тавьж байна. Мөн төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй гэдэг зүйлийг ярьж  байх шиг.

Аливаа тэмцэл хөдөлгөөн системтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Миний хувьд тухайн жагсаал  улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна. Жагсаж буй хүмүүсийн төлөөллийг  ҮАБЗ-ийн нууц зөвлөмжтэй танилцах боломжтой гэдгийг хэлсэн. Одоогоор нэг ч хүн үзэж танилцаагүй гэсэн мэдээлэлтэй байна. 

-Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-Бид нэн тэргүүнд хууль дээдлэх зарчмаа баримталж ажиллах ёстой.  Энэ нь хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиас гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй.  Тэгэхээр нэр бүхий хүмүүсийг шалгах процесс энэ дагуу явагдаж байгаа.

Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод  огцом өөрчлөлт орууллаа.  Монгол Улс 1994 оноос хойш ийм өөрчлөлт хийгээгүй байсан.  Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтныг төрийн өндөр дээд албан тушаалтантай адилтгаж, ялын өршөөлд үзүүлэхгүй байх талаар хуульд өөрчлөлт оруулсан. Мөн жагсагчдын зүгээс нууц гэрээнүүдийг ил болгох шаардлага тавьсан.  Энэ дагуу  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх гэрээг ил тод болгосон.  

Мөн жижиг “Тавантолгой” –д Бүрэн эрхэт төлөөлөгч томилоод ажиллаж байна.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох талаар ажлууд хийж байна.

-Эрүүгийн хуулийн гол өөрчлөлтүүдийн талаар тодруулахгүй юу.  Ялангуяа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухайд ямар өөрчлөлт оров? 

-Яагаад УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байна гэхээр энэ нь өөрөө төрийн дархлаа юм. Парламент 76 гишүүнтэй. Гишүүд тангаргаа өргөснөөр төрийн анхдагч дархлаа үүсдэг. Хууль хяналтын байгууллагууд төрийн эрх авах зорилгоор үгсэн хуйвалдаад парламентын гишүүдийн олонхийг цагдан хорьсон тохиолдолд энэ төр чадамжаа алдана.  Тэгэхээр хэрэв гишүүн яллагдагчаар татагдсан тохиолдолд мөрдөгчийн дуудсан цагт очих, шаардлагатай мэдээллийг гаргах өгөх үүрэг хүлээнэ.

Энэ үүрэгт саад учруулж байгаа тохиолдолд Улсын ерөнхий прокуророос парламентад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирж болно.  Түүнээс биш мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй тохиолдолд халдашгүй байдлын тухай ярих боломжгүй. Тухайлбал, Хөгжлийн банкны гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд шүүгдэгч статус руу шилжиж байгаа. Хэрэг нь шүүх рүү шилжиж байна. Хэргийнхээ материалтай танилцаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлнэ. Уг хэлэлцүүлэг дууссаны дараа шүүх хуралдаан үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж үзвэл гэм буруугийн хурлыг явуулна.

Гэм буруутай эсэхийг шүүх шийднэ. Хэрэв гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдвол УИХ-ын гишүүний халдашгүй эрх байхгүй болж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн ял оногдуулах хурал үргэлжилнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр процессын үйл ажиллагаа тасалдуулаад байгаа халдашгүй бүрэн эрхтэй хүний хэргийг шууд царцаахаар оруулж ирсэн.

Ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа цаашаа тоологдохгүй хэрэг нь зогсоод, 2024 оны зургадугаар сарын 30-ны өдөр тухайн хүний бүрэн эрх нь дуусгавар болсноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа автоматаар үргэлжлэх юм.  Та бүхэн судалвал Япон, БНСУ, Европын улс орнуудын парламентын гишүүдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа яг ийм зарчмаар явдаг. 

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ руу явжээ.  Түүнээс мэдүүлэг авсан ч хилийн хориг тавиагүй гэх асуудал яригдаж байна.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв байх. Бидэнд ирсэн мэдээллээр, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан тогтоол батлагдсан.

Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Мөн хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт арга хэмжээг хэрэглэж болно.  

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд энэ сарын 18-нд  нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 246 (6978)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.