БЭТ: 100 мянган төгрөг тараах уу, угаах үйлдвэр барих уу?

БЭТ: 100 мянган төгрөг тараах уу, угаах үйлдвэр барих уу?

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж,  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны тухай мэдээллийг сонслоо.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

-Уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүний чанарыг шийдэх ганц арга бол угаах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах юм. 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулна.  Тус компани 13 жилийн хугацаанд сайн чанарын коксжсон нүүрсээ л зарж ирсэн. Бид одоо сорчлохгүй. Сул коксжсон болон эрчим хүчний нүүрсээ зарж байж “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид ашигтай ажиллана. Бүтээгдэхүүнээ зах зээлд таниулж, сурталчлах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Үндсэн үйл ажиллагаатай хамаарахгүй төслийг санхүүжүүлж байсан суудал бий. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо гээд адилхан нүүрсний уурхай ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сүүлийн олон жилийн хугацаанд зээл хэлбэрээр мөнгө өгч байсан. Энэ байдлыг зогсоох талаар "Эрдэнэс Монгол" ХХК-тай ярилцаж байгаа. Уг нь тухайн хоёр компани бие дааж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. БЭТ-ийн ажиллах хугацаа дуусаж байгаа нь үнэн. БЭТ-ийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг зургаан сараар сунгахаар ярьж байна. Эцсийн шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Цаашид нүүрсээ биржээр тогтмол борлуулах худалдан авагч талтай хийдэг гэрээ хэлэлцээг сайжруулах тал дээр УУХҮЯ шууд удирдлагаар бус бодлогоор хангана. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 -1072 хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

-Бид 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Тухайн хүмүүст ногдол ашиг гэж 100 мянга орчим төгрөг тараах нь зөв үү, нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болоод байна. Өмнө нь 2019 онд нэг хүнд ногдол ашиг гэж 96 мянган төгрөг тараасан юм билээ. Бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буй учир бүх зүйлийн гаргалгаа бол угаах үйлдвэр. Уг үйлдвэрийг л яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Үүнийг бид зорьж ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.