Манай 6 дахь Ерөнхийлөгчийн урилгын зочин Ромын 266 дахь Пап лам Францис

Манай 6 дахь Ерөнхийлөгчийн урилгын зочин Ромын 266 дахь Пап лам Францис

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ватикан буюу Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын католик шашны 266 дахь Пап лам Францис манай улсад есдүгээр сарын 1-нээс 4-нд төрийн айлчлал хийж байна.

Монгол, Ватикан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой тохиож буй энэ онд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Францис нь одоогоос 10 жилийн тэртээ 76 насандаа Ромын папаар сонгогдсон. Өмнөд Америкийн Аргентин улсад төрсөн тэрбээр Европоос өөр тивээс сонгогдсон анхны Пап гэдгээрээ онцлог юм.

Ромын пап Францисын манайд хийж буй айлчлалын уриа нь “Hoping Together” – “Хамтдаа найдацгаая” гэсэн үгтэй. Ватиканы тал үүнийг Папын айлчлалын нийтлэг үзэл санаа, өвөрмөц байдлыг илэрхийлж байгаа гэж тайлбарлаж байгаа ба уриаг танилцуулан сурталчилсан монгол гэр бүхий бэлгэдлийн зурагт хуудсыг гаргасан байна.

Харин манай талаас Монголбанк “Монгол-Итали” дурсгалын мөнгөн зоосыг Монгол Улсад суугаа Италын Элчин сайдын яамтай хамтран гаргалаа. Тус зоосонд 777 жилийн тэртээ 1246 онд Монголын эзэнт гүрний их хаан Гүюгт Ромын 180 дахь пап IV Инносентийн захидлыгтүүний дипломат элч Плано де Карпини гардуулж байгаа зургийг буулгажээ. Уг зураг нь Италын зураач Жерардо Дотторигийн бүтээл ба Плано де Карпинигийн төрөлх хот Мажионэгийн захиргааны Зөвлөлийн танхимд 1949 онд байршуулсан байна. 

Мөн “Монгол шуудан” компаниас  “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт марк гаргаж 22500 ширхэг хэвлэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ