Ж.Сүхбаатар: Ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Ж.Сүхбаатар: Ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухайгаа өнөөдөр нийтэд хандаж мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн.

Улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд "Ёсзүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой"-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна. 

Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хүлээгээд явах ёстой. Надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан.

Миний хувьд, энэ ажлыг аваад төлөвлөгөө гаргасан. Хуримтлагдсан асуудал байсан. Гэхдээ бодлогын чиглэл тодорхой болох шаардлагатай байсан. Бид олон ажлыг зэрэг эхлүүлсэн ч эрэмбэ нь тодорхойгүй байсан. Өнгөрсөн хугацаанд ажилласан гол үр дүн гэвэл Засгийн газрын түгжрэл сааруулах бодлого тодорхой болсон. Түүнчлэн нийтийн тээврийн асуудал нэгдүгээр асуудал болохыг сайдын хувьд ойлгуулж, тайлбарласан. Хоёрдугаарт, холбоост зам гүүрний асуудал байсан. Түүнчлэн замын хөдөлгөөний тохижилттой холбоотой асуудал зэрэг таван чиглэлд бодлого тодорхой болсон. 

Нийтийн тээвэр бол хотын хөгжлийн хамгийн чухал асуудал. Гэтэл нийслэлд нөхцөл байдал бодож байснаас ч хүнд байсан. 2022, 2023 онд 1000 орчим автобус ашиглалтаас гарахаар байсан. Одоо ойрын саруудад 700 орчим нь ашиглалтаас гарахаар байгаа. Гэхдээ хэцүү байгаагаа тоочоод байж болохгүй байсан. Тиймээс тухайн үед хотын удирдлагууд улаан автобусны асуудал шийдсэн. Түүнчлэн 2023 онд Засгийн газар оролцоод, надад автобус оруулж ирэх ажлыг даалгах нь зүй гэж үзсэн. Гэхдээ миний хувьд, энэ хэл амтай ажлыг нийслэл хариуцсан нь дээр гэсэн. Гэсэн ч над дээр энэ асуудал тавигдсан. Гэхдээ би яамгүй сайд учир хуульд заасан хүрээнд нийслэл хот руу эрхээ шилжүүлсэн. 

Тендерийн хуулийн хамаарахгүй байх нөхцөлд оруулаад, өнгөрсөн оны улаан автобус худалдаж авсан журмаар хуулийн дагуу зохион байгуулсан. Анх 500-н чанартай автобус авна гэж тооцоолж байсан ч дахиад 300 автобус дутах юм байна гэх тооцоо гарсан. Би тоо дээр ач холбогдол өгсөн. Энэ нь миний алдаа болсон байх. Цөөн тооны автобус аваад, дундаас нь юм унагасан гэх асуудал гардаг. Харин би 500 гэж тооцоолж байсан автобусаа 810 болгож нэмэгдүүлсэн. Дунд оврын 50 автобус, 160 цахилгаан автобус, 600 дизель автобус авахаар болсон. Улмаар тендер зарласан. Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь "Тэнүүн Огоо" ХХК байсан. Нийлүүлэгч тал нь БНСУ-ын Юнан хайт гэх компани юм. 

Бүх зүйл шалгагдана гэдгийг холбогдох хүмүүст хэлж байсан. Ингээд Daewoo компани рүү төлөөллөө явуулсан. Автобусны үзүүлэлтийг хянаж, шалгасан. Будаг, замаск зэргийг хянаж, шалгаж чадаагүй нь буруу байсан байна гэж бодлоо. Гэхдээ туршлагагүй байлаа гэхгүй. Улс төрд, төрд олон жил ажиллалаа. Энэ асуудлын хүрээнд хичээж ажилласан" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ