С.Эрдэнэ: МАН өрийн таазыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна

С.Эрдэнэ: МАН өрийн таазыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна

УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодррууллаа.

-Хөгжлийн банкны шалгалттай холбоотой олон асуудал үүсээд байна. Энэ талаар танай бүлэг ямар мэдээлэл, байр суурьтай байгаа вэ?

-Бүлэг энэ асуудлыг анхаарч харж байгаа. Хөгжлийн банк бол улс орны хэмжээний бүтээн байгуулалт, гол санхүүжилтыг хийж байсан. Энэ банкыг зөвхөн АН-ыг эрх барьж байх үед үйл ажиллагаа явуулж байсан гэж харвал өрөөсгөл болно. Үүнд улс төрийн бүх хүчин, тухайн үеийн бүтээн байгуулалт, хөгжилд оролцож байсан ААН, байгууллагууд гээд бүгд хамааралтай. Бид хуулийн хүрээнд асуудал хэрхэн шийдэгдэх нь гэдгийг харж байгаа.

-Тус банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилсан. Энэ талаар мэдээлэл хүлээж авсан уу?

-Манай бүлэг хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үнэлэлт дүгнэлт өгөхөд эрт байна. Хууль бус аливаа үйлдэл гарах юм бол харин улс төрийн үйл ажиллагаа, эсэргүүцлийн акц хийнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэснийг хэрэгжүүлэхийн төлөө бид байх болно. Улс төрийн олонхид нэр нүүр олох гэсэн, ямар нэгэн байдлаар ашигтай зүйл бий болгох гэсэн, ялангуяа сонгуулийн өмнө сонгуультай холбоотой мэт үйлдэл гаргаж байгаа асуудлуудыг АН-ын бүлэг анхааралтай ажиглаж байна.  

-УИХ-ын дарга БНХАУ-д айлчилна гэсэн. Энэ үеэр Хятад улсаас их хэмжээний зээл авах гэж байна гэсэн яриа ч байна. Энэ талаар мэдээлэл байна уу?

-2017 оны Улсын төсөв болон бусад тооцоо судалгааг бид анхааралтай судалж байгаа. Үүнд манай бүлэг болон бүлгийн дэргэд байгуулагдсан Зөвлөхүүдийн зөвлөл идэвхтэй ажиллаж байна. МАН бидний харж буйгаар өрийн таазыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна. Төсвийн алдагдлыг 4.3 их наяд төгрөг байна гэж тооцсон ч одоогоор 3.4 их наяд төгрөг байгаа. Хаанаас  нэг их наяд төгрөг гаргаж ирж алдагдал болгох гэж байгаа юм бол. Ер нь бол ямар нэг эрсдэлтэй гэх бүх зүйлийг алдагдал болгож харагдуулж, 1 их наядаа гүйцээх гэж чармайж байна. Өрийн таазыг 80 хувьд хүргэснээр бидний урьдчилсан тооцоогоор "Стэнд бай" хөтөлбөртэй холбоотой 1.5 тэрбум ам.доллар, мөн 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг ямар нэг эх үүсвэрээс оруулж ирэх магадлалтай байна. Тиймээс бид хаанаас энэ их мөнгийг оруулж ирэх, юунд зарцуулахыг ажиглан харж байна. Энэ талаар төсвийн төсөл болон, МАН-ын зүгээс гаргаж байгаа албан бичгүүдэд нэг ч үг үсэг байхгүй. Мөн гадаадын банкууд, ялангуяа БНХАУ-ын банкийг оруулж ирэх асуудал хүчтэй яригдаж байна. Аливаа улс орны Үндэсний аюулгүй байдлын нэгдүгээрт эдийн засгийн аюулгүй байдал бичигддэг. Бид мөнгөний бодлогоо аль нэг улсад алдах юм бол, муугаар бодоход бие даасан байдлаа алдвал ямар байдалд хүрч болох вэ гэх жишээ дэлхий дахинд олон удаа гарч байна. Энэ мэт Үндэсний Аюулгүй байдалд хор хохирол үзүүлэх аливаа үйлдлийг гаргахгүйн төлөө бид ажиллана.   

-Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэх асуудал их гарч байна. Одоогоор хэчнээн орон тоо нэмэгдэж, хэдэн хүн ажлаас халагдсан талаар мэдээлэл байна уу?

-Бүртгэл тооцоо одоохондоо хийж дуусаагүй. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга гээд гол томилгоо хийдэг эрх бүхий албан тушаалтнууд дөнгөж сая томилогдоод дуусч байна. Гэтэл тэд нар томилогдоогүй байхад 2000 гаруй төрийн албан хаагч ажлаасаа хууль бусаар халагдсан гэсэн гомдол санал ирсэн. Одоо жинхэнэ халдаг сольдог нөхөд оччихсон, үүний дараа асуудал хэрхэн яаж явахыг хэлж мэдэхгүй байна. Сангийн сайд 2017 онд 20000 хүн халахаа мэдэгдчихсэн. Ер нь Засгийн газрын бүтэц оруулж ирэхдээ л төрийн албан хаагчдыг хоморголон халах нь мэдэгдчихсэн байсан. Тохируулагч, хэрэгжүүлэгч нийт агентлагуудын 60 хувийг нэр томъёо, бүтцийг нь өөрчлөхөөр оруулж ирсэн. Зарим газрыг үндсэн чиг үүргийг нь өөрчлөхгүй мөртлөө зөвхөн нэрийг нь өөрчилсөн. Үүнийгээ бүтцийн өөрчлөлт гэж хэлээд хоморголон халж байгаа. Энэ бол хэлмэгдүүлэлт Орон нутгийн сонгуультай холбоотойгоор түр саарсан ч удахгүй дахин идэвхжих байх. Засгийн газрын 100 хоногт хийсэн үндсэн гол ажил нь албан тушаалын наймаа, хоморголон халалт байсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.