УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааг Хэвлэлийн Хүрээлэнгээс танилцууллаа. Уг судалгааг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна. Судалгаанд Монголын мэдээ, Зууны мэдээ, Өглөөний сонин, Өдрийн сонин, Өнөөдөр зэрэг өдөр тутмын болон долоо хоног тутмын зургаан сонин, iKon.mn, gogo.mn, news mn. medee.mn, 24tsag.mn гэсэн таван сайт, нэр дэвшигч болон сэтгүүлчдийн 24 фэйсбүүк аккаунт, 23 твиттер аккаунтыг хамруулжээ. Хугацааны хувьд сонгууль эхлэхээс 14 хоногийн өмнө эхэлж, сонгуулийн сурталчилгааны хугацаатай зэрэг дуусгасан байна. Энэ нь нийт 32 хоногийн мэдээлэлд мониторинг хийсэн гэсэн үг юм.
Судалгааны талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Энэ удаагийн мониторинг нь сонгуулийн сурталчилгааны өмнөх үеийг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн үеийн мэдээлэлтэй жишихээс гадна сонины мониторингийн дүнг 2012 оны үр дүнтэй харьцуулснаараа онцлог байсан. УИХ-ын 2012 оны сонгуулиар тогтмол хэвлэлүүд сонгуулийн сурталчилгаанд ихээхэн ач холбогдол өгч байсан бол 2016 оны сонгуулиар ил, далд хэлбэрийн сурталчилгаагаа багасгаж, сонгуулийн талаархи сэтгүүлзүйн бүтээлийн тоогоо нэмсэн.
Түүнчлэн сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн эзлэх хувийг өсгөсөн нь эерэг үр дүн байлаа” гэв. Энэ удаагийн сонгуулийн мэдээлэл, сурталчилгааны нэг онцлог нь намууд болон нэр дэвшигчид нийгмийн мэдээллийн сүлжээг сонгуулийн сурталчилгааны чухал индэр болгон ашигласан байна.
Харин жижиг намууд болон бие даагчдын төлөөлөл твиттерийг илүүтэй ашигласан бол том намууд, ялангуяа АН фэйсбүүкт илүүтэй анхаарлаа хандуулан сонгуулийн сурталчилгаагаа хийсэн гэнэ. Түүнчлэн сонгуулийн үеэр хэвлэмэл сонинууд олон нийтэд мэдээлэх, танин мэдүүлэх үүргээ биелүүлэхэд түлхүү анхаарсан гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Харин цахим мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн мэдээллийн сүлжээ сурталчилгааны индэр байх үүргээ илүүтэй гүйцэтгэсэн байна.
Мониторингийн хүрээнд сонгуулийн сурталчилгааны өмнө болон сурталчилгааны үеэр олон нийтэд хүрсэн сонины 528 нэгж мэдээлэл, цахим сайтын 1998 нэгж мэдээлэлд анализ хийсэн бол нийгмийн мэдээллийн сүлжээний 926 жиргээ, 253 постыг цуглуулж, анализ хийсэн байна. Энэ талаар
Судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа “Сурталчилгааны бус үетэй харьцуулбал сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээр сонгуультай холбоотой мэдээлэл сонин болон нийгмийн мэдээллийн сүлжээнд хоёр дахин, цахим сайтад тав дахин өссөн. Сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө сонгуулийн тухай редакцийн буюу сэтгүүлзүйн бүтээл зонхилж байсан бол хуулийн дагуу албан ёсны сурталчилгаа эхэлснээр төлбөртэй сурталчилгааны тоо эрс нэмэгдсэн байсан. Сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлээр бэлтгэсэн боловч редакцийн бүтээлээс ялгасан тэмдэглэгээгүй, олон нийтийн анхаарлыг татахын тулд тодорхой улстөрчийг илт дэмжсэн, сонгуульд өрсөлдөгч нэр дэвшигч эсвэл намын нэр хүндэд шууд халдсан “далд сурталчилгаа”-ны бүтээл улс төрийн сурталчилгааны 60-80 хувийг эзэлсэн” гэлээ.
Харин цахим сайт болон хэвлэмэл сонины сонгуультай холбоотой мэдээллийн өнгө аяс нь тухайн мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал, редакцийн бодлоготой хамааралгүйгээр, гагцхүү төлбөр төлсөн этгээдийн захиалгаар тухайн мэдээллийн эерэг, сөрөг хандлага тодорхойлогдож байсан аж.
2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн талаархи сөрөг мэдээлэл тогтмол хэвлэл болон цахим мэдээллийн хэрэгсэлд харьцангуй бага байсныг онцолж байв. Түүнчлэн нийгмийн мэдээллийн сүлжээний фэйсбүүк хуудсаар харьцангуй төвийг сахисан болон эерэг мэдээлэл цацагдсан бол твиттер хуудсанд сөрөг өнгө аястай, бүдүүлэг үг хэллэг ашигласан, өрсөлдөгч намуудыг гүтгэж доромжилсон мессэж түгээмэл байжээ.
Сонгуулийн талаархи мэдээллийн хандлагыг ажиглавал үндэсний хэмжээнд МАН-ын тухай эерэг, АН-ын тухай сөрөг мэдээлэл давамгайлсан бол нийслэлийн АН-ын тухай эерэг мэдээлэл илт давамгай байхад нийслэлийн МАН-ын тухай сөрөг мэдээлэл түлхүү гарч байсан байна. Харин сурталчилгааны сүүлийн өдрүүдэд АН-ын ялангуяа нийслэлийн АН-ын талаархи эерэг өнгө аястай далд сурталчилгаа хэвлэлийн хуудаснаа зонхилжээ. Эмэгтэй нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогоор дэмжих, мэдээллийн хүйсийн тэнцвэрийг зориудаар хангах хандлага аль ч мэдээллийн хэрэгсэлд онцгойлон ажиглагдсангүй. Харин цаг үеийн үйл явдалтай холбоотойгоор мэдээлж, иш татах эсвэл тухайн эмэгтэй нэр дэвшигчийн захиалгат мэдээлэл (хөрөг, сурвалжлага, ярилцлага) нийтлэх нь түгээмэл байсэн аж. Тухайлбал, “Монголын мэдээ” сонин эмэгтэй улстөрчдийн хөргийг цувралаар нийтэлж байсан хэмээн онцолсон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.