У.Хүрэлсүх: Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд бид мянга мянган хавар сар шинэ, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёлоо хөгжүүлж ирсний учир үүнд оршдог билээ

У.Хүрэлсүх: Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд бид мянга мянган хавар сар шинэ, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёлоо хөгжүүлж ирсний учир үүнд оршдог билээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндчилгээ

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Настан буурлуудын ерөөл үр хүүхдүүдээ ивээж, насны буян хишиг нь өнө мөнхөд дэлгэрч, хатуу өвлийг өнтэй давж, хаврын урьтай учран золгож, буурал жилээ үдэж, буянтай жилээ угтахаар сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголчууд бидний өвөг дээдэс өнө эртнээс тэнгэр газрын үзэгдэл, нар сар, од эрхсийн хөдөлгөөнийг шинжиж, газар нутаг, аж амьдралдаа нийцүүлэн, монгол цаг тооллоо тогтоон, жилийн тэргүүн барс сард сар шинэ, цагаан сараа ёслон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Монголын цагаан сар бол Хүннү гүрний гурван их баяр цэнгэлийн нэг, Их Монгол Улс, Эзэнт гүрний төрт ёс, түүх соёл, түмэн олны эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл, түүхэн ой санамж юм.

Бидний өвөг дээдэс ирж буй жилийнхээ өнгө төөрөг, өлзий дэмбэрлийг цагаан өнгөөр бэлгэдэн, сар шинийн баяраар цайвар зүсмийн морь унаж, цагаан дээл хувцсаар гоёж, цагаан идээ ундаагаа хүртэж, сүүн цагаан сэтгэлээр ерөөл бэлгэтэй үг хэлэлцэж, эвийг эрхэмлэн, итгэлийг бэхжүүлж, ахас ихсээ хүндэтгэн, ард түмнээрээ ёслон золгодог сайхан уламжлалтай.

Монголчууд бидний энэхүү өв соёлын өвөрмөц онцлогийг манай нэрт Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай нэгэнтээ “Миний ардын сэтгэл цагаан, Мэндлэн золгох ёс нь ариун” хэмээн яруу тунгалгаар шүлэглэн хэлсэн байдаг.

Энэхүү үндэсний их баяр ёслолоороо монгол хүн бүр эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн мөргөж, эцэг эх, ахас ихсээ хүндлэн золгож, их түүхээрээ бахархан, өв соёлоороо гоёж, үр хүүхдүүддээ өвлүүлэн, үнэт зүйлээрээ нэгдэж, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд бид мянга мянган хавар сар шинэ, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёлоо хөгжүүлж ирсний учир үүнд оршдог билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож байгаа “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 500 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, үндэстний үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувьд хүрлээ.

Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна.

Мөн манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, Монголыг дэлхийд, дэлхийг Монголд ойртуулсан гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа.

Сар шинийн босгон дээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Монгол Улсын Төрийн тэргүүн гаргалаа.

Хөх тэнгэрийн хүчтэн луу жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь босоо монгол бичиг шигээ өөдөө байж, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурын аялгуу айл бүрийн хойморт эгшиглэн хөгжиж, монгол өв соёл, зан заншил үеийн үед түгэн дэлгэрч байх болтугай.

Миний Монголын ард иргэд ээ,

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Монгол хүн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ дэмжиж, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай.

Сар шинийн баярын энэ өдөр өнө эртний түүхтэй нүүдэлчин түмний өв соёл, эрдэм ухааныг өвлөн тээгч, эрдэнэт мал сүргийн эзэн малчин түмэндээ өвлийг өнтэй, хаврыг хавтай давж, дэлгэр сайхан зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай монгол түмний минь цог хийморь, буян заяаг Их Эзэн Чингис хааны сүр хүч, суу алдар өнө мөнхөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ