Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлдээ УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж буй талаар онцолж, манай улсын хүн амын тоонд эзлэх 24-45 насны идэвхтэй донорын хувь хэтдээ хоёр дахин буурах төлөвтэй байгааг мэдээлэв. Тэрбээр, дунджаар 20 орчим жил үргэлжлэх хүн амын цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах нь тулгамдсан асуудал болохоор байгааг дурдаж, КОВИД19 цар тахлын үед цусны нөөц буурч, хариу арга хэмжээ авсны хүчинд эмнэлгийн хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүний тасалдал гаргалгүй даван туулсан гэсэн юм.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна. Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ, оношлогооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв ажилладаг бөгөөд тухайн эмнэлэг, төвүүдийн удирдлагад ажилладаг аж. Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлж байна. Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөдөг. Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгож буй юм.

Иймд, дээрх зарчмуудыг тусгаж, Донорын тухай хууль дахь цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, сэлбэлттэй холбоотой зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хууль болгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулсан юм. Хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт, сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэнэ хэмээн тэрбээр тооцжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулах УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж хариулт авсан юм. Хуулийн төсөлдөө УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн яамнаас 2022 онд санал авсныг УИХ-ын гишүүн С.Чинзориг дурдаад, түүнээс хойш салбарын эрх зүйн орчин, нөхцөл байдалд ихээхэн өөрчлөлт орсон тул дахин санал авах боломжтой эсэхийг асууж, хариулт авсан юм. Мөн Эрүүл мэндийн тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг суурь суурь хуулиудаар зохицуулсан харилцааг давхардуулан тусгахгүй байх, Эргэлтийн сан байгуулахаар заасан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуультай зөрчилдөж байгааг ниицүүлэх зэрэг асуудлыг хөндөв.

Түүний асуултад хариулт өгөхдөө УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, хуулийн төсөл нь эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдсан хэмээн тодотгоод, цусны болон эд, эрхтний доноруудын зорилго, эрх зүйн харилцаа нь өөр учир Донорын хуульд туссан зохицуулалтуудыг салгах шаардлага тулгарсан хэмээн хууль санаачлах болсон үндэслэлээ тайлбарласан юм. Ингэхдээ хүчин төгөлдөр байгаа хуулийн зарчмыг өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл, Донорын хуулиар нэгэнт зохицуулчихсан, мөрдөгдөж байгаа харилцааг төсөлд тусгасан гэв. Эргэлтийн сангийн хувьд цус, цусан бүтээгдэхүүний салбарт шинэ тутам гарч байгаа шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд ач холбогдолтойг тэрбээр тайлбарлаж, хуулийн төслийг хэлэлцэх явцад засаж сайжруулах боломж байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ЦССҮТ болон орон нутгийн салбар төвүүдийн үйл ажиллагаа, хүний нөөцийн талаар асууж, ямар дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй байгааг тодруулж лавласан бол УИХ-ын гишүүн Б.Баярсайхан доноруудыг урамшуулах, алдаршуулах талаар хэрхэн ажиллаж байгаа, амьд болон амьгүй доноруудад ямар дэмжлэг үзүүлж буй, хэрхэн сайжруулах талаар асууж, хариулт авлаа. ЦССҮТ өнөөдрийн байдлаар нийтдээ 70 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутгийн төвүүдэд мөн тооны хүмүүс ажилладаг байна. Цус, цусан бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ цаашид жил тутам 14-15 хувиар өсөх тооцоо гарсныг ЦССҮТ-ийн ерөнхий захирал, доктор Н.Эрдэнэбаяр ярилаа.

Тус төв Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар маш сайн бэхэжсэн тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дурдаад, үйл ажиллагаа доголдох, шаардлагатай үед цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй байх эрсдэл гарч байгаа эсэхийг асуухад төсөл хэрэгжиж, төвийн хүчин чадлыг орчин үеийн стандарт, түвшинд хүргэснээс хойш тийм тохиолдол гараагүй хэмээн доктор Н.Эрдэнэбаяр хариулсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эрхтний болон цусны донорын харилцааг салгаж, тусдаа хуулиудаар зохицуулах үндэслэл, шаардлагын талаар асуухад хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, цусны донорыг сурталчилж, алдаршуулж болно, эд эрхтнийхийг болохгүй хэмээгээд, хэрэв эд эрхтний донорыг сурталчилбал хууль бус хүний наймаа бий болох эрсдэлтэй гэлээ.

Цус сэлбэлтийн салбарын удирдлагын тогтолцоо ойлгомжтой бус байгааг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дурдаад, ЦССҮТ тусдаа төсөвтэй бол орон нутгийн цусны төвүүд тухайн эмнэлэг, эрүүл мэндийн төвийнхөө зардлаас санхүүжиж байгаа нь хүндрэл үүсгэж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар асуув. Үнэхээр орон нутгийн цусны төвүүд эмнэлэг дагасан тогтолцоогоор ажилладгийг ЦССҮТ-ийн ерөнхий захирал хэлж, үүнийг нэгдсэн, босоо тогтолцоотой болгон, бүсчлэн байгуулж, нийт долоон цусны төв ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байгаа талаар ярьсан юм.

Асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа нар үг хэлэв. Эрүүл мэндийн сайд өмнө илэрхийлсэн байр сууриа дахин давтаж, Эргэлтийн сан гэсэн тусгай нэгж байгуулахгүйгээр ЦССҮТ-д давсан орлогоо өөрөө захиран зарцуулах эрх олгох байдлаар зохицуулах, суурь хуулиудад туссан харилцааг энэ хуульд давхардуулж тусгахгүй байх нь зүйтэй гэсэн юм. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, төслийн боловсруулалтыг сайжруулж, доноруудыг урамшуулах харилцааг нийгмийн халамжийн харилцаатай хольж хутгахгүй, давхардуулахгүй, мөн орхигдуулахгүй байхад анхаарах шаардлагатайг хэлсэн юм.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үг хэлсэн УИХ-ын гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулах боломжтой гэж дэмжсэн төслүүд засагдахгүй байх тохиолдол гардгийг анхааруулж, Ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэн, нягт хамтарч ажиллахыг зөвлөв. Ингээд Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Цаглаварт, Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай, мөн өнөөдөр хэлэлцсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тусгасан байна. “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, хөдөө, орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан “Малжуулах хөтөлбөр”-ийг хэрхэн зохион байгуулах, ямар хэмжээний зардал, төсөв туссан талаарх Засгийн газрын мэдээллийг сонсох, мөн элэгний B, C вирустэй иргэдийн холбооноос ирүүлсэн эмийн зохицуулалт, төсвийн зарцуулалттай холбоотой санал, гомдлыг авч хэлэлцэх шаардлагатай гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын саяд Х.Булгантуяа, Хувийн тэтгэврийн тухай хуулийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх саналтай байгаагаа хэлж, малжуулах хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн ирэх 5-10 жилийн таамаглал, бизнес эрхлэлтийг дэмжих зээлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд хийж хэлэлцүүлнэ гэлээ.

УИХ-ын гишүүдийн саналыг тусгаж, Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тус байнгын хорооны энэ сард хэлэлцэх асуудлын цаглавар батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ