Ж.Энхбаяр: Салбарын төсөв энэ жил нэмэгдсэн

Ж.Энхбаяр: Салбарын төсөв энэ жил нэмэгдсэн

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.10.24/ хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн 55.5 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдаан Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатайг дурдлаа.

Шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсөвт байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр тусгасан онцлох арга хэмжээг дурдсан. Тухайлбал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан, үйлдвэрлэл, хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төвийн бүсийг “Эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт, эрчим хүчний дэд бүс”-ээр тодорхойлж энэ хүрээнд хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэх зорилт тусгагдсан. Үүний дагуу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймаг руу 2025 онд нүүлгэх ажлыг зохион байгуулах бөгөөд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан гэж байв.

Өсөн нэмэгдэх хүнсний хэрэгцээг хангах зорилгоор "Атрын IV аян"-ыг хэрэгжүүлж, "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Цагаан алт", "Шинэ хоршоо-чинээлэг малчин" зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлнэ гэлээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг байгальд ээлтэй хөгжлийг дэмжсэн хэлбэрээр зохион байгуулж, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ. Энэ хүрээнд банкаар дамжуулан айл, өрхийг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад хамрагдах боломжоор хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгальд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцуулгадаа тодотгов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын харьяа байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.4 тэрбум төгрөгөөр бууруулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын харьяа байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөснөөс шалтгаалж нийт орлогын дүн 0.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 286.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг дурдаад төсөв нэмэгдүүлсэн шалтгаан, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Б.Уянга, Ж.Батжаргал, М.Мандхай, Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, З.Мэндсайхан нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2024 оны тодотголоор 240 тэрбум, 2025 оны улсын төсөвт 554 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд татаас олгохоор төсөлд тусгасан. Үүний цаана хэчнээн малчин өрх зээл авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар лавлаж байлаа.

Мөн усны хайгуул, судалгааг эрчимжүүлэх асуудлыг төсвийн төсөлд хэрхэн тусгасныг, улмаар говийн бүсийг усжуулах төслийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх, ойн хортон шавжийг устгахад хэчнээн талбайг хамруулж, төсөвт хэдэн төгрөг тусгасныг тодруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа "Салбарын төсөв энэ жил нэмэгдсэн. Гэхдээ шинээр нэмэгдэж буй хөрөнгө оруулалт байхгүй. Салбарын хэмжээнд 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсанаас худаг гаргахад 1.6 тэрбум, 21 аймгийн Хөдөө аж ахуйн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж авахад 1.6 тэрбум, аймгуудын Хөдөө аж ахуйн газрын барилгын их завсар, үйлчилгээнд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бүхэн сайдын захиран зарцуулах төсөв. Харин үлдсэн 777.5 тэрбум төгрөгийн урсгал зардалд “Хүнсний хувьсгал”-д 196.1 тэрбум, "Цагаан алт" хөтөлбөрт 113.2 тэрбум, “Атрын IV аян”-д 98.7 тэрбум, "Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөнд 193.4 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна. Өмнө нь энэ чиглэлийн зээл олгох шийдвэрийг салбарын яам, агентлаг гаргадаг байсан бол бодлогын томоохон өөрчлөлтийн дагуу цаашид арилжааны банкуудын шалгуураар төслүүдийг санхүүжүүлнэ. Энэ төрлийн зээлийн 10-12 хувийн хүүгийн дэмжлэгийг яамны урсгал зардлаас дамжуулан олгож байна" гэв.

Мөн тэрбээр салбарын яамнаас үйлдвэрлэлийг дэмжсэн таван төрлийн урамшууллыг олгож байгааг хэллээ. Малчдаас сүүний үйлдвэрт тушаасан литр тутамд 1000 төгрөг, үйлдвэрт тушаасан килограмм ноос тутамд 2000 төгрөг, нэхий тутамд 3000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөг, ногоочдын борлуулсан хүнсний ногооны тонн тутамд 100.000 төгрөг, тариаланчдын гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн тонн тутамд 85000 төгрөг гэх зэргээр үйлдвэрлэл дэмжсэн санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлж байна гэв.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа "Ойжуулалт, мод тарих нь хүлэмжийн хийг маш сайн шингээдэг тул энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ жилийн төсвийн төсөлд ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгаа, устгалын ажилд 10.0 тэрбум төгрөг, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр 1.0 тэрбум төгрөг, ойн төлөв байдлыг сайжруулах арчилгаа цэвэрлэгээнд 2.3 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэв.


Мөн тэрбээр усны асуудал нь байгаль орчны төдийгүй дэд бүтцийн суурь асуудал тул Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв. “Орхон-Онги", “Хэрлэн-Тооно” төслүүдийг яаралтай эхлүүлэх, холбогдох тооцоо судалгааг нарийвчлах ажлуудыг хийнэ. “Хэрлэн-Тооно” төслийн ТЭЗҮ-г "Оюутолгой" ХХК гурван сая ам.доллараар санхжүүлжүүлж байгаа бөгөөд 2025 онд дуусна хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.

Хуулийн төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ