Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2024.12.10/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов. Энэ талаар тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн танилцуулсан.
Тэрбээр мэдээлэлдээ, мал сүргийн бүтэц, малын тэжээлийн нөөц, мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэж буй махны нөөц, экспортлогч оронтой байгуулсан гэрээ, хэлцэл, мах, махан бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэлийн талаар товч дурдлаа.
Монгол Улсын мал сүргийн тоо 2023-2025 онд дунджаар 2.6 хувиар өссөн бөгөөд 2024 онд 15.4 сая төл хүлээн авч бойжуулж улмаар энэ оны хагас жилд 66.8 сая толгой мал тоолуулсан. Харин мал сүргийн бүтцээр харвал нийт малын 46.4 хувь нь үржлийн насны эм, 25 хувь нь эр болон сувай, 4.6 хувь нь үржлийн эцэг, 23.3 хувь нь сүрэг сэлбэх өсвөр насны мал байна гэж мэдээлэлд дурдав.
Мөн нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэж буй нөөцийн махны талаарх мэдээлэлдээ, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу нутаг дэвсгэрийнхээ хүн амын стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатын Засаг дарга авч хэрэгжүүлэхээр заасан төдийгүй Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг баталж, шаардагдах зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан. Нийслэлийн хүн амын 2024-2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5100 тонн махыг зургаан аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэхээр шалгарсан бөгөөд нийт бэлтгэх махны 60 хувийг хонины, 40 хувийг нь үхрийн мах байхаар тооцсон гэж байлаа.
Нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилтийг арилжааны банкны эх үүсвэрээр нийт 18 хувийн хүүтэй олгох бөгөөд үүнээс 11 хувийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлийн төсөвт тусгаж, 7 хувийг нь аж ахуйн нэгж төлөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгж нийтдээ 2330 тонн мах бэлтгээд байна гэв.
Түүнчлэн тэрбээр, Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тарифын бус хориг саадыг багасгах зорилгоор гадаад орнуудтай хүнс, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага, экспортлох, импортлох үеийн нөхцөлийг тохиролцож, худалдааны чөлөөт байдлыг ханган ажиллаж байна гээд мал, амьтны хорио цээрийн чиглэлээр 26 улс оронтой хамтарч буйг мэдээлэлдээ онцолсон.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох 11, дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн экспортлох 21, дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэх буюу төхөөрөх 10, баруун таван аймгаас түүхий мах экспортлох зургаан аж ахуйн нэгжийг бүртгэсэн байдаг бол ОХУ-ын мал, эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын хороонд 29, Узбекстан улсад 24 үйлдвэр гэх зэргээр бүртгэгдсэн байдаг. Сүүлийн үед булангийн орон буюу Иран, Ирак руу мах, махан бүтээгдэхүүн түлхүү экспортолж байна гэж байлаа.
Орон нутгаас авсан судалгаагаар энэ жил 16 сая толгой малыг хэрэгцээлж, 50.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гараад байна. 16 сая толгой мал буюу 543.0 мянган тонн махыг нийтийн хэрэгцээнд зориулна. Үүнээс дотоодын хэрэгцээнд 10 сая толгой малыг, экспортод 6 сая толгой мал гаргах тооцоо судалгаа байна. Энэ нь 200 мянган тонн мах экспортлох бүрэн боломжтой гэснийг мэдээлэд дурджээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, У.Отгонбаяр, Ц.Идэрбат, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, А.Ундраа, М.Ганхүлэг, Т.Аубакир, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс салбарын яамнаас мал, махны экспортыг өсгөх болон малчдын орлогыг нэмэгдүүлэхэд салбарын яамнаас баримталж буй бодлого, мөн энэ жил хэчнээн бүсээс хэдэн тонн махыг дотоодын хүсний хэрэгцээг хангахаар бэлтгэж буй талаар, малчны хотонд буй махны үнэ, зах зээлийн үнийн зөрүүнд судалгаа хийсэн эсэхийг лавлаж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, малын тоо толгой бэлчээрийн даацтай харьцуулахад 30 саяар хэтэрсэн байгааг дурдаад цаашдаа махны экпортыг нэмэгдүүлэхэд бүх талын арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мах төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж байж малчдын орлого сайжирна гэлээ. Мөн тэрбээр мал, махны экспортыг энэ жил 100 мянган тоннд хүргэхээр төлөвлөж бүх талаар дэмжин ажиллаж, ингэснээр орлого шууд нэмэгдэнэ гэж байв.
Мөн 2025 онд 5100-5500 тонн мах бэлтгэхээр 7 аж ахуйн нэгжийн нэрийг арилжааны банканд хүргүүлэн нийт 21 тэрбум төгрөгийн зээл шийдэгдээд байна. Энэ жилийн хувьд хонины мах 8800, үхрийн мах 9400 төгрөгөөр бэлтгэнэ. Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр нийслэлийн найман байршилд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд одоогоор 800 тонн махыг хоршоологчид нийлүүлэхээр зэхээд байна хэмээн ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгсөн.