Улсын онцгой комисс/УОК/-ын хуралдаан өнөөдөр /2024.12.17/ боллоо. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Тус мэдээллийн үер Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал:
-Улаанбаатар хотын хувьд нийслэлээс 6 цэг дээр, манайхаас 13 цэг дээр агаарын бохирдлын гол үзүүлэлтүүдийг хэмждэг. Азотын давхар исэл, угаарын хий, озон зэрэг зургаан төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг. 2019-2020 онд нийслэлийн хэмжээнд PM 2.5 буурч байсан, харин хүхэрлэг хий өссөн байсан. 2021 оноос хүхэрлэг хийн хэмжээ бага зэрэг буурч байгаа. “Тавантолгой түлш” компани үйл ажиллагаагаа сайжруулсны үр дүн гэж харж байгаа.
Өнгөрсөн жилийн арваннэг, арванхоёрдугаар сард цаг агаар тогтворгүй салхи ихтэй өдрүүд байсан учраас энэ саруудад агаарын бохирдол бага байсан. Энэ жилийн арваннэгдүгээр сард цаг агаар тогтуун байсан. Арванхоёрдугаар сар гарангуут агаарын температур хүйтрээд ирэнгүүт их даралтын орон үүсдэг. Их даралтын орон үүсэхээр салхи байхгүй болдог. Энэ байдал арванхоёрдугаар сар гарснаас хойш олон хоног үргэлжилж байна. Түүнийгээ дагаад агаар бохирдуулагч бодисын хуримтлал нэмэгдэж байна.
Дээр нь мөн агаар бохирдуулагч ялгаруулагчийн хэмжээ нэмэгдэж байна. Гэр хороололд бүх төрлийн агаарын чанарын үзүүлэлт муу байгаа, ялангуяа Баянхошуунд агаарын чанар хамгийн муу байдаг.