Улаанбаатар хотын удирдлагын багаас утааг бууруулах дараагийн төлөвлөгөөг гаргаснаа өнөөдөр (2024.12.18) Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрбээр "Би өнөөдөр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Агаарын бохирдол үүсгэж байгаа хоёр эх үүсвэрийг хэрхэн бууруулах вэ гэх Засгийн газрын тэргүүний асуусан асуултад хариулсан. Улаанбаатар хотор 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Ухаалаг камерын системд бүртгэгдэж байгаа автомашины тоо 300-400 мянгаар тоологдож байгаа. Захын дүүргүүд ухаалаг камерын системд нэгдээгүй байгаа. Тэгэхээр энэ тоо цаашид нэмэгдэх байх. Эдгээр машины агаарт үзүүлж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл. Яндангүй автомашинуудыг эхний удаа сануулаад, дараагийн удаа журамлана. Жинхэнэ яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн жил 40 мянган яндан гадагшаа зарагдсан байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх алба 60 мянган айлд гэр байшингаа дулаал гэх зөвлөмж өгөөд байна. Энэний тайлан ирэх хавар гарна. Агаарын бохирдлыг өдөөж байгаа, гэр, байшингаа дулаалаагүй 60 мянган айл байна. Түүнчлэн 84 мянга 400 шулуун яндантай, байшинтай айлуудын зуухыг нэн яаралтай шинэчлэх нэн шаардлагатай байна. Пийшингээ шинэчилж чадаагүйн улмаас хүмүүс амь насаа алдаж байна" гэв.