Ч.Бат-Эрдэнэ: Түргэн тусламжийн үйлчилгээ хяналтын системд шилжинэ

Ч.Бат-Эрдэнэ: Түргэн тусламжийн үйлчилгээ хяналтын  системд шилжинэ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 хоног болсон. Энэ хугацаанд хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хувьд өнгөрсөн хугацаанд ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бэ. Мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил иргэдэд сонирхолтой байгаа байх?

-Манай улсын эрүүл мэндийн салбар эмч, мэргэжилтнүүдийн ёсзүй, үйлчилгээний түргэн шуурхай байдлыг эрхэмлэн ажиллаж байна. Үүнийг манай байгууллага ч үйл ажиллагааныхаа гол чиглэл болгодог. Энэ хүрээнд бид олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд  зарим нэгийг нь хийхээр төлөвлөсөн. 

Эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах сургалтууд хийгдэж байна. Манай байгууллагын төлөвлөгөө, дотоод нөөц бололцооноос гадна олон улсын байгууллагын тусламжтайгаар хэрэгжэж буй  төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ч олон ажил явагдаж байна. Тухайлбал, манайхаас эмч нарт зориулсан нарийн мэргэжлийн сургалт зохион байгуулдаг. Тэр дундаа гурав дахь шатлалын нарийн мэргэшсэн эмч нарыг хөдөө орон нутагт томилж, эмч, сувилагч нарт  практик сургалт явуулах ажлыг эхлээд байна.

Хөдөө орон нутагт томилогдсон эмч нар иргэдийг оношилж, эмчлэхээс  гадна эмч сувилагч нарт практик зөвлөгөө өгөх юм. Өөрөөр хэлбэл, хатгаа туссан бага насны хүүхэд байлаа гэхэд тухайн  хүүхдэд ямар шинж илэрдэг, ямар эмчилгээ хийх шаардлагатай  гэдэг тал дээр практик сургалт явуулж байна.

Энэ сургалтын хэлбэр их үр дүнтэй хэрэгжилт ч сайн байна. Хөдөө орон нутгийн эмч нар томилогдож очсон сургагч эмч нараасаа өөрийн хүссэн зүйлээ асууж, сурч мэдэх боломжтой. Уг сургалтаас гадна эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр хоёр ч ажлыг санаачлан хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, туслах сувилагч бэлтгэх ажлыг эхэлсэн. Эмнэлгийн байгууллагад мэргэжлийн бус ганц хүн байдаг нь асрагч. Тиймээс нийслэлийн дүүрэг, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн 100 асрагчийг гурван сарын хугацаатай мэргэшүүлэх сургалтад хамруулсан.

Сургалтын үр дүнд асрагч нар өвчтөнд туслах, зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах, эмч, сувилагчдын  ажилд туслах чадвартай болж төгсөнө. Улсын том эмнэлгүүдэд өдөр бүр хаана, хэнд хандах, ямар эмчид үзүүлэх, эмчийнхээ өрөөг мэдэхгүй хүмүүс олон таардаг. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст асрагчид тусалж, эмчийнх нь өрөөг зааж  өгөх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах юм.

-Эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гарсны нэг нь цахим системд шилжсэн явдал. Цаашид бүх эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах талаар төлөвлөсөн ажил бий юу?

-Эмнэлгийн үйлчилгээнд гарсан том дэвшлийн нэг нь цахим систем. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх” гэж тусгасан.

Мөн “Цахим засаг” үндэсний хөтөлбөрт “Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох” гэсэн том зорилтыг тавьсан. Эдгээр зорилтуудыг хангах ажлын эхлэл болгож төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, мөн аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийг БНХАУ, Монгол Улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн.

“Цахим эрүүл мэнд” төсөл маань нийт 18.9 сая америк долларын төсөвт өртөгтэй бөгөөд тоног төхөөрөмжийн хангалт, програм хангамж болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах үйл ажиллагаанд анхаарч ажиллана. Төслийн хүрээнд нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамж нийлүүлэгдэх юм. Энэ мэтчилэн эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах төслийн хүрээнд олон ажил хийгдэж байна. Өмнө нь иргэд эмчид үзүүлэхийн тулд дугаар авч, хүлээхээс эхлээд, их чирэгдэл үүсдэг байсан.

Тэгвэл эмчийн өрөөний үүдэнд тухайн хүний хүлээж буй цагийг хянадаг самбар байрлуулна. Самбарын тусламжтайгаар эмч нар тухайн хүн хэдэн цаг хүлээж буйг хянаж, хэрвээ олон цаг хүлээсэн бол дараагийн эмчид үзүүлэх арга хэмжээг авч өгөх юм. Мөн тухайн хүн өөрийгөө хэдэн хүний дараа үзүүлэх, хэр хугацаанд хүлээх зэргээ самбар дээрх мэдээллээс харах боломжтой. Бид эрчимт эмчилгээний тасагт ч энэ системийг нэвтрүүллээ.

Сахиурууд өвчтнийхөө биеийн байдлыг хяналтын самбарын тусламжтайгаар хоёр цаг тутамд харах боломж бүрдсэн. Ер нь бид эмнэлэг, эмнэлгийн байгууллагын ажлыг ил тод нээлттэй болгох хүрээнд олон ажлын хийж байна. Манай байгууллагаас эмч нарт лиценз олгох үйлчилгээ явуулдаг. Энэ үйлчилгээтэй холбогдуулан олон маргаантай асуудал гардаг. Будлиантай болдог гэх мэтчилэн маргаан бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд лицензийн шалгалтын танхимд камер суурилуулж, иргэдэд ил тод болголоо. Мөн дөнгөж төрсөн эх хүүхдээ харах боломжтой болсон.

Ар гэрийнхэнтэйгээ холбогдож, дүрсээ харж ярьж болно. Энэ үйлчилгээг “Хүрээ” амаржих газарт нэвтрүүллээ. Түргэн тусламжийн үйлчилгээнд ч гэсэн техник технологийн  дэвшлийг нэвтрүүлж, иргэдэд хүрч ажиллах тал дээр анхаарч байна. Бид түргэний эмч болон хүлээн авахын эмчийг 4G-гээр харилцах боломжийг бүрдүүлсэн. Түргэний эмч 4G-гээ ашиглан ямар өвчтөн авч явж байгаа, ямар зүйлс бэлдсэн байх талаархи мэдээллийг хүлээн авах эмнэлэгтээ өгнө гэсэн үг.

Өвчтний биеийн байдлын талаархи урьдчилсан мэдээллийг хүлээн авахад өгснөөр цаг алдахгүй түргэн шуурхай эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм. Энэ мэтчилэн бид мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, ил тод түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх талаар ажиллаж байна.

-Эмч, мэргэлжилтнүүдийн ёс зүйг сайжруулахад анхаарч байна гэлээ. Улсын томоохон эмнэлэгт энэ асуудал нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Гэтэл алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн түргэн тусламжийн эмч нарын дунд утсаар хүн оношилж, эмчилгээ өгдөг ёс зүйн асуудал сүүлийн үед гарч байна. Танайхаас энэ тал дээр ямар арга авч байна вэ?

-Бид 103 буюу түргэн тусламжийн дуудлагыг шуурхай үзүүлэх, өвчтөнөө үзсэний дараа эмчилгээ бичих ёстой гэдэг шаардлага тавьдаг. Утсаар тухайн хүнд ямар шинж тэмдэг илэрч байгааг тэр бүр мэдэх боломжгүй. Гэхдээ энэ хоёр талтай асуудал л даа. Заримдаа тусгай дугаар руу өсвөр насны хүүхдүүд болон иргэд тоглож, хуурамч дуудлага өгөх тохиолдол ихэссэн. Энэ нь эмч нарын үйл ажиллагаанд саад учруулдаг.

Хуурамч дуудлагын дагуу явж байх мөчид жинхэнэ өвдсөн хүний амь эрсдэх аюултай. Тэгэхээр хуурамч дуудлагыг багасгах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Гэхдээ хөдөө орон нутаг, алслагдсан дүүргийн түргэн тусламжийн эмч нар дуудлага өгөхөөр ирэхгүй байна гэдэг асуудал зарим тохиолдолд гардаг. Тиймээс бид эмчийн харилцаа хандлагыг үнэлдэг системд оруулахаар зорьж ажиллаж байна. Яах вэ, тухайн өвчтөн эмчийн буруутай үйлдлийг дотроо хадгалаад үлддэг эсвэл дарга дээр нь орж хэлдэг. Гэтэл нөгөө эмч тэр алдаагаа давтаж гаргадаг асуудал бий. Тэгэхээр түргэн тусламжийн эмч нарын дуудлагын дагуу өвчтнийг үзэж, зөвлөгөө өгсөн эсэхийг хянадаг нэгдсэн систем шаардлагатай.

Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд программ хангамжийн хүмүүстэй гэрээ байгууллаа. Мөн бид эмч бүрт дахин давтагдашгүй дугаар өгнө. Үүний дараа эмч нарт өөрийнх нь нэрээр аккаунт нээнэ. Энэ үйлчилгээ нэвтэрснээр иргэд эмчийн үйлчилгээний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тухайн эмчтэй холбоотой санал гомдлоо интернэтийн тусламжтайгаар аккаунт дээр нь бичиж үлдээнэ. Харин иргэдийн гомдлын дагуу ёс зүйн хорооноос тухайн эмчийг шалгах юм. Гэхдээ бид үүнийг албаны төвшинд зохион байгуулна.

Учир нь хүний ажил, амьдралтай холбоотой асуудал яригдана шүү дээ. Иргэд эмчтэй холбоотой санал гомдлоо бичиж үлдээхтэй заавал өөрийн нэр, хаяг, утасны дугаар гэх мэтчилэн албан баримтыг оруулах ёстой. Тэгсэн тохиолдолд тухайн хүний үнэн ярьж байгаа эсэхийг мэднэ. Зарим хүмүүс энэ байдлыг ашиглаж хүний нэр төрд халдах, гүтгэх магадлал өндөр. Тиймээс бид ийм зохицуулалттай байхаар шийдсэн. Манай систем нэр, хаяг, утасны дугаараа бичээгүй сэтгэгдлийг хүлээж авахгүй. Иргэний гомдол, саналын мөрөөр шалгаж үзээд үнэн байвал эмчийн эмчлэх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна. Тиймээс бид энд маш нарийн хандаж байгаа юм.

-Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмч нарын эмчлэх эрхийн зөвшөөрлийг  олгодог. Өнгөрсөн жил хэчнээн эмч зөвшөөрөл авсан бэ?

-Эмчлэх эрхийн зөвшөөрлийг тав таван жилээр сунгадаг. Бид жилд нийт 200 гаруй эмч, сувилагчаас эмчлэх эрхийн шалгалт авдаг. Энэ жил төгсөгч нарын 60 хувь нь шалгалтдаа хангалттай оролцсон. Манай байгууллагаас төгсөлтийн үеэр 1500 орчим лицензийг олголоо. Төгссөний дараа шалгалтад унасан хүмүүс нь дахин шалтгалтад орох боломж нээлттэй байдаг. Хэрвээ дахин шалгалтдаа тэнцвэл эмчлэх эрхээ авах боломжтой. Ер нь жилд бид 6-7 мянган эмч эмнэлгийн мэргэжилтний  эмчлэх эрхийн зөвшөөрлийг сунгах, шинэчлэх ажлыг хийдэг.

-Манай улсад нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байдаг. Ямар төрлөөр мэргэшсэн эмч илүү эрэлт хэрэгцээтэй байна вэ?

-Эмч мэргэжилтнүүд дутагдалтай гэдэг хоёр талтай асуудал. Манай улсад нарийн өндөр мэргэжлийн эмч шаардлагатай байгаа.   Хэдийгээр эмч нар хоёр жил резидентийн сургалтад суугаад мэргэших үнэмлэх авдаг ч энэ нь учир дутагдалтай. Тухайн эмч маань дадлага хийж, олон өвчтөн эмчлэх хэрэгтэй.

Тэгж байж туршлага хуримтлуулна шүү дээ. Арвин туршлагатай нарийн мэргэжлийн эмч манай улсад цөөхөн байдаг. Мэргэжлийн сургуулийг нь төгссөн эмчийн дипломтой,  мэргэжлийнхээ дагуу 2-5 жил ажилласан эмч нарын тоо хангалттай. Харин нарийн мэргэшсэн, олон жил клиникийн эмнэлэгт ажиллаж чадвартай болсон эмч цөөхөн л дөө. Энэ нь ч учиртай. Ямар ч хүн улсын эмнэлэгт ажилд орсон бол тэтгэвэрт гартлаа тэндээ ажиллах нь тодорхой. Нэг хэсэгтэй тэр байранд сул орон тоо гарахгүй гэсэн үг.

Тиймээс л нарийн хагалгаа хийдэг, эмчилгээ оношилгооны тохиолдолтой харьцдаг эмч нарын тоо хязгаарлагдмал байгаа юм. Үүнээс болж орон нутгийн эмч нарын орон тоо хангалттай бус байдаг. Ихэнх эмч нар хот суурин газар бараадаж, хотод ажилладаг. Хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлэг, сэхээн амьдруулах болон нярайн тасагт нарийн мэргэжлийн чадвартай эмч байна уу гэвэл асуудалтай. Тоотой хэд л гэж л хариулна. Нэг бол зарим эмч нар орон нутгийн эмнэлэгт ажиллаж чадвар сууж байгаад хувийн эмнэлэг байгуулаад ажлаасаа гарчихдаг. Бид шинэ залуу боловсон хүчинг бэлтгэж, чадвартай болгож байгаа хэдий ч чадвар суугаад ирэхээрээ улсын эмнэлэгт ажиллахаа больж байна.

Үүнээс болж дахиад л шинэ залуу боловсон хүчинг бэлтгэж эхлэх шаардлагтай болдог. Яг энэ маягаар л явж байна. Энэ бүхэн эмч нартай ч холбоотой биш. Тэдний цалин нийгмийн асуудалтай холбоотой. Энэ төрлийн шилжилт их явж байна. Эндээс харахад, нийт эмчийн тоо хангалттай байна. Гэвч нарийн мэргэжлийн чадвартай, туршлагатай эмч цөөхөн байгаа юм. Тиймээс эмч нарын чадварыг сайжруулах сургалт явуулахаас гадна цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Шинэ төгссөн эмчийн цалин гадаадын улс оронд хэр байдаг юм бэ. Манай улстай харьцуулахад?

-Гадаадын улс орны эмч нар тэр бүр бидэнд цалингаа хэлдэггүй. Зарим судалгаанаас харахад, Солонгос улсад дөнгөж төгссөн эмч нь 3-4 мянган ам.долларын цалин авдаг. Харин манай улсад дөнгөж төгссөн эмч 500-600 мянган төгрөгийн цалинтай байх жишээтэй. Цалинг нь өнөөдрийн ам.долларын ханшаар бодож үзвэл манай улсын эмч нар 200-300 ам.доллар цалинтай ажиллаж байна гэсэн үг. 10-20 дахин бага цалин авч байгаа юм.

Тэнгэр газар шиг зөрүү харагдана. Хамгийн ойрын ОХУ-ын эмч нар монгол мөнгөөр 4-5 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Ер нь улсын эмнэлгийн эмч нарын цалин бага л даа. Яах вэ, хувийн эмнэлгүүд эмч нараа татахын тулд харьцангуй өндөр цалин өгдөг байх. Мэдээж хүн сайн чадвартай бол сайн цалин авахыг л хүснэ. Гэхдээ бид аль болох улс орны эдийн засаг хүнд хэцүү нөхцөлд эмч нарынхаа цалинг нэмье гэхээс илүү чадварыг нь сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Эдийн засгийн хямрал бол цаг хугацааны л асуудал. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль гарснаар эмч нарын чадварыг үнэлэх систем 2017 оноос хэрэгжинэ. Тэгэхээр эмч нар маань тун удахгүй өндөр цалин авдаггүй юм гэхэд боломжийн хэмжээний цалин авах боломж бий.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.