Ч.Сайханбилэг: Шийдвэр гаргаагүй байсан бол “Эрдэнэт”-ийн 49 хувь Оросын талд байх байсан

Ч.Сайханбилэг: Шийдвэр гаргаагүй байсан бол “Эрдэнэт”-ийн 49 хувь Оросын талд байх байсан

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гаргасан өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон зэрэг албаны хүмүүс оролцож, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулт өглөө. Хуралдааны эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОХУ-ын Засгийн газрын “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс татгалзсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажилласан.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг ажлыг хэсэг дүгнэлт гаргаж, Засгийн газарт танилцуулсан. Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 05-ны ээлжилт хуралдаанаар энэхүү дүгнэлтийг хэлэлцэж “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” ХХК-ийн төрийн эзэмшиж байгаа 51 хувийн өмчлөлийн харьцааг алдагдуулсан төрийн төлөөлөгч томилох, удирдамж батлах тухай Сангийн сайдын 255, төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх удирдамж батлах тухай Сангийн сайдын 256 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгохыг даалгасны дагуу эдгээр тушаалыг Сангийн сайдын 2016 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 342 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Түүнчлэн хуралдааны тэмдэглэлд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг худалдан авахад бүрдүүлсэн эх үүсвэрийг шалгуулах асуудлыг Монгол банканд тавьж шийдвэрлүүлэхийг Сангийн сайдад даалгасан.

Энэ дагуу уг асуудлыг шалгуу­ла­хаар албан бичиг хүргүүл­сэн. Мөн Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд ОХУ-ын Засгийн газрын “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс татгалзсан Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлыг судалж, шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулахыг даалгасны дагуу танилцуулж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд:

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ соёрхон баталсан хэлэлцээр. Гэтэл УИХ-д оруулж ирж хүчингүй болгохгүйгээр Засгийн газар өөрөө дур мэдэж шийдвэр гаргаж хууль зөрчсөн асуудал байна. Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг УИХ баталдаг. Харин “Эрдэнэт” 2007 онд жагсаалтад орсон байдаг. Гэтэл үүнийг эзэмшиж байгаа компанийн 49 хувийг төр өөрөө эзэмших эсэхээ УИХ-тай ярилцахгүй Засгийн газар дангаараа шийдсэн нь хууль зөрчсөн байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:

-Энэ асуудлаар УИХ-ын сонгуу­лийн өмнө байр сууриа илэр­хийл­сэн. Үүнээс хойш ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Учир нь энэ асуудалтай холбоотой бүх асуу­дал нууцын горимоор хэлэлцэгдэж, шийд­вэр­лэгд­сэн. Тиймээс ч энэ асууд­лыг яриад явах боломжгүй бай­сан.

Тэгээд ч УИХ-ын болон орон нут­гийн сонгуультай байсан учир цаг хугацааны хувьд тохиромжгүй бай­лаа. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал цаг хугацааны хувьд тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр орж ирсэн. Энэ нь сонгуулийн үе таарсан. Гэтэл зургадугаар сарын 23-ны өдөр гурван улсын тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байна гэдэг зүйл ярьсан. Тиймээс цаг хугацааны хайчин дунд байгаа учир гүйцэтгэх засагслалын тэргүүний хувьд Монгол Улс руу “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь орох асуудал дээр шийдвэр гаргаж өгөөч гэсэн.

Хэрвээ сонгуулийн дараа шийднэ гэвэл 49 хувь Монгол руу ирэхгүй болох магадлалтай байсан. Тиймээс ч бид Засгийн газрын хурал­даа­наар шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол энд байна. Тухайн үед нууцын ангилалтай байсан. Харин хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар нуу­цын ангилалыг өөрчилж, энгийн бол­го­сон. Тиймээс энэ тогтоолыг одоо дэлгэхэд ямар нэгэн хууль зөр­чих­гүй байх гэж бодож байна.

Энэ­хүү Засгийн газрын тогтоолын ард дахиад Засгийн газрын хуралдааны тэм­дэг­лэ­лийг хавсаргасан байгаа. Энэ­хүү тэмдэглэл дээр төгсгөлд нь ми­ний хэлсэн үг байгааг би товчлоод хэл­чихье. “Одоо УИХ долдугаар сард эс­вэл ирэх намар хуралдах эхний хурал­даа­ны үед Засгийн газраас уг асууд­лыг УИХ-д танилцуулна. Учир нь УИХ сонгуулийн сурталчилгаат хугацаатай завсарлачихсан байгаа.

Тиймээс одоо хуралдах боломж алга. Ташкент хотод болох гурван улсын тэргүүний уулзалтын өмнө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Олон улсын гэрээ буюу хуультай байгаа учир энэ Монгол Улсын хуулиа хүчингүй болгох хуулиа Засгийн газар өөрөө санаачлаад УИХ хуралдах үед оруулна.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

-Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн хүчинтэй байгаа гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцээр хийх байх. 

УИХ, Засгийн газрын төвшинд “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудал огт яригдаагүй байхад яагаад Худалдаа хөгжлийн банкныхан очоод яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ. Энэ асуудлаар  хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ. Засгийн газрын хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны хоёр албан тушаалтан оролцсон байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ.

Засгийн газрын хуралдаанд  хуульчид оролцсон гэж яриад байна.  Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа хоёр ч удаагийн хуралдааны үеэр илэрхийлсэн юм билээ. Харин нөгөө талын н.Орхон, н.Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн  энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү” гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Сүүлийн үед хэвлэлийн бага хурлуудаар янз бүрээр хэлж байгаа. Гэхдээ өнөөдөр ямар нэг эмоцигүй, элдэв улс төр хийхгүй ярих болов уу гэж их горьдож орж ирсэн. Намайг өрөвдөлтэй ярьж байна уу гэдгийг холбогдох байгууллагууд нь тодорхойлох биз. Би бодит зүйлийг бодит баримттай ярьж байгаа. ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ, Нямдорж гишүүн ээ.

ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ -руу шилжээд цаашлаад Ростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведевийн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд  “Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа.

Мөн “Ростех”-оос  манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах тухай албан бичиг ирсэн. “Ростех” ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг “Ростех” компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал   цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд  дэмжсэн. 

Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон.  Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх дебдент энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.  Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр  100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэн дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол “Эрдэнэт”-ийн 49 хувь Оросын талд байх байсан.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Яаралтай хэлэлцэх асуудлаар яамдаас санал авдаггүй гэх асуудал байхгүй. Туйлын ноцтой асуудал хөндөгдөж байхад цаг хугацааны хайрцагт ороод шийдсэн гээд байх юм. Засгийн газар энэ асуудалд  Монголын гэдэг утгаараа яаж ажилласан юм бэ. Хэзээ энэ асуудал яригдаад О.Орхоныг явуулсан бэ.  Төрд үнэнийг хэл. Битгий жүжиг тавиад бай. Танай Засгийн газрын сайд байсан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар нууцаар хэлэлцсэн нэг сонин юм хийчихлээ гэсэн, Д.Зоригт чинь “Би мэдээгүй, хөдөө явахад шийдсэн” гэдэг хачин зүйл гаргалаа гээд яриад байна” хэмээлээ. Үүний хариуд

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:

-Гүйцэтгэх засаглал дээр олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашиг­тай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачилга. ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гар­га­сан. “Ростех” өөрсдөө асуудлаа шийд­сэн. Үүнийг гурван улсын тэргүү­ний уулзалтын өмнө шийдэх боломж байна, шинэ УИХ байгуулагдахыг  хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Уг нь Монголын төрд залгамж чанар байдаг бол энэ Засгийн газар “Эрдэнэт”-ийн асуудлаа оруулж ирээд дуусгах ёстой. Энэ процесс явагдах болов уу гэж найдаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, “Ти Ди Би” капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан. Яг хэн гэж хүний захиалга даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм бэ?

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон:

-Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж  ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Захиалагчийн хувьд “Монголын зэс” компани манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн.

Үүнд “Ти Ди Би” компани ч зөвлөгөө өгч оролцсон, Худалдаа хөгжлийн банк  ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон. Үйл явц хэрхэн явсан бэ гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа. Үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан.

“Ростех” компанийн Хяналтын зөвлөл гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яахав.

Ямар ч байсан “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцөлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай ийм нөхцлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцөлөөр Монголын Засгийн газраас худалдан авах эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно.

Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа өөрөө сонгоод нөхцөлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх эсэх сонголт өгсөн. Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гарсан” гэсэн хариулт өглөө.

Дугаар шилжих мөчид байнгын хорооны хуралдаан үргэлжилж байлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.