“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн хоёр дахь /2024.01.28/ өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэллээ.
Тэрбээр, тус хэлэлцүүлэг, зөвлөгөөн нь тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас суралцах зорилгыг агуулж байна гэв. Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.
ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Др.Адриана Бланко “Тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл дэлхий дахинд ба Тамхины хяналтын суурь конвенцын 5.3 дугаар зүйл” хэмээх сэдэвт илтгэлдээ, энэхүү конвецод нэгдсэн улс орнууд тамхины хяналтын талаарх нийгмийн эрүүл мэндийн бодлогыг үндэсний хууль тогтоомжийн дагуу тамхины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос хамгаалахын тулд үйл ажиллагаагаа явуулахын чухлыг онцлоод ,тухайн улс орнуудад тамхины эсрэг хууль тогтоомжийг мөрдүүлэх хүчин чадал, зохион байгуулалт, хүний нөөц хангалтгүй бол электрон тамхийг шууд хориглосон нь оновчтой юм. Тамхийг хор хөнөөлөөр нь их, бага гэж ангилах шаардлагагүй. Гагцхүү тамхины хор хөнөөлийг ойлгуулахад улс орнууд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна” хэмээв.
Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр өнөөг хүртэл гаргасан ахиц дэвшлээ хэрхэн бататгаж үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх илтгэлүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайлбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Йин, Монгол Улс тамхигүй орчин бүрдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар илтгэсэн юм.
Түүний дараа “Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлгийг хориглох асуудлууд ба тамхины савалгаа” сэдвээр ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Ти Нтиабан илтгэл танилцуулсан. Тэрбээр тамхины зар сурталчилгааг хэрхэн хориглох, тамхины сав, баглаа, боодол, шошго зэргийг цулгуй савалгаатай хийх зэрэг санаачлагуудын талаар онцолсон. Тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлгийг хориглох ба тамхины цулгуй савалгаа нэвтрүүлсэн Австрали Улсын туршлагыг Австрали Улсын Эрүүл мэндийн яамны Тамхи, электрон тамхины хяналтын албаны туслах, нарийн бичгийн дарга Кэрли Браун цахимаар танилцуулсан. Тус улс тамхины хяналтыг чангатгах талаар олон төрлийн стратеги төлөвлөж ажиллажээ. Нэн тэргүүнд тамхины цулгуй савалгааны бодлогыг хэрэгжүүлж, тамхины эсрэг зар сурталчилгааг далайцтай өрнүүлжээ. Мөн тамхидалтын эсрэг хууль, тогтоомжийг зөрчсөн бол торгууль, шийтгэлийг оновчтой ногдуулж ирсэн аж. Тухайлбал жилд 6,6 сая австрали долларын торгуулийг бүс нутгийн ялгамжтай тогтоож ногдуулж иржээ. Мөн 2025 онд тамхины бүхий л төрлийн ил ба далд сурталчилгааг бүрэн хориглож байна гэв. Хэлэлцүүлэг татварын үр дүнтэй бодлого сэдвээр үргэлжиллээ.
Тамхины татварын асуудлаарх ДЭМБ-ын зөвлөмж болон Филиппин Улсын татварын шинэчлэлийн туршлагыг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын дарга Пол Жеремиас танилцуулсан бол Монгол Улсад тамхины татварыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Анхбаяр илтгэв. Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.