Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд тус ажлын хэсгийн гишүүд /2026.03.11/ нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, бодлогын шинэчлэлийн талаар санал солилцов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах бид боловсролын тухай ярихдаа хэдэн сургууль барих вэ, хэдэн тоног төхөөрөмж авах вэ гэдэгт ихэвчлэн анхаардаг. Гэтэл өнөөдөр шинээр сургууль баригдсан ч ажиллах багш, боловсон хүчний нөөцгүй байна. Багшийн ажлын байрны ачааллыг хэрхэн бууруулах, ажлын нөхцөлийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарах шаардлага бий болсон. Үүний тулд асуудлаа бодитоор тодорхойлж, эрэмбэлэх хэрэгтэй. Аливаа шинэчлэл нэгж сургууль, нэгж цэцэрлэгээс эхэлдэг. Бид ширээ, сандлаасаа давж харж, боловсролын салбарын бодит асуудлыг илүү өргөн хүрээнд ярилцах шаардлагатай байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг боловсролын салбарын бодлогыг боловсруулахдаа бодит нөхцөл байдлыг газар дээрээс нь сонсож, салбарын мэргэжилтнүүдийн саналд тулгуурлах нь чухал. Сургуулийн удирдлагуудын зүгээс тавьж буй асуудлууд чухал тул боловсролын салбарын шинэчлэлийг судалгаа, бодит нөхцөлд тулгуурласан, тогтвортой бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зүгээс сургуулийн хүртээмж, анги дүүргэлт, сургалтын орчин, багшийн хомсдол, суралцагчдын төлөвшил, сургуулийн удирдлага, менежментийн асуудал зэрэг асуудлыг хөндөж байв. Мөн салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг тодорхойлох, судалгаанд суурилсан урт хугацааны бодлогын төлөвлөлт боловсруулах хэрэгтэй байгааг гишүүд онцоллоо.
Уулзалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, А.Ундраа нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.