Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 минутад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын баримтыг АТГ-д хүргүүлж байна.
Тодруулбал "Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Бодь группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр өнөөдөр АТГ-т хүрэлцэн ирлээ.
Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.
Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, Бодь групптэй холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хоёр хүний хамтаар "Бодь интернэшнл" группийн захирал Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр 500, 800 мянган ам.доллар бэлнээр авсан. Нийт 1,3 сая ам.доллар авсан гэдгээ хамт байсан хоёр хүн нь гэрчилж байгаа. Мөн хөдөлшгүй баримт болох бүтэн 2 цагийн бичлэг байна. Ийм учраас Б.Энхбаяр сайдтай холбоотой баримтуудыг АТГ хүргүүлж байна.
ХЗДХ-ийн сайд Д.Мөнх-Эрдэнэ бол Б.Энхбаярын найз бөгөөд Бодь интернэшнл компанид ажиллаж байсан. Одоо Бодь интернэшнл компанитай холбоотой бүх баримтыг устгаж байна" гэлээ.
Харин үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсанд "Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам доллар боллоо, Бодийн тараасан авлига нь бүр 110 сая ам доллар гэнэ үү Эрх бүхий байгууллагууд хурдтай шалгаж мухарлах ёстой." хэмээсэн байна.