Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг АТГ-д шалгуулах хүсэлтийг бүрэн эхээр нь

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг АТГ-д шалгуулах хүсэлтийг бүрэн эхээр нь

Өдрийн мэнд ээ!

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргав.

Бүрэн эхээр нь танилцана уу.

-------

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ

2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот

- УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах тухай -

Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа ашигт малтмал, уул уурхайн баялгийг тойрсон хууль бус, онц ноцтой авлигын системийг задалж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, шударга ёсыг тогтоож, хүртээмжтэй эдийн засаг, үндэсний баялгийн санг бүрдүүлэн бий болгохын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан ба одоо ч ард түмний төлөөлөл Улсын Их Хурлын гишүүний хувиар энэхүү тэмцлээ үргэлжлүүлж байна.

Миний тэмцэл аль нэг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн эсрэг чиглээгүй бөгөөд гагцхүү Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэгдсэн стратегийн ордууд болон системчлэгдсэн авлигыг илчилж, гарсан алдааг засаж, ард түмэн, улс эх орноо хохиролгүй болгох зорилготой юм.

Тухайлбал, манай Засгийн газар “Оюу толгой” төслийн хүрээнд Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэснийг төрийн мэдэлд буцаан авч улмаар Үндэсний баялгийн санг байгуулах суурийг тавьсан төдийгүй Хөгжлийн банкны чанаргүй зээл, авлига, ашиг сонирхлын зөрчлийн мэдээллийг олон нийтэд ил болгож, Чингис, Самурай зэрэг бондын өрийг төлсөн билээ.

Энэ бүхэн байгалийн баялаг нийт ард түмэнд өгөөжтэй байх, стратегийн ордуудын орлогын 34 хувь иргэдийн хадгаламж болж, хуримтлалын сангийн нэрийн дансанд шууд төвлөрөх Үндэсний баялгийн санг бүрдүүлэхэд бүхэлдээ чиглэсэн болно.

Үндэсний баялгийн санг арвижуулах, эдийн засгийг хүртээмжтэй болгох дараагийн алхам нь экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг орд газруудын лицензийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, хууль ёсны дагуу шийдэгдсэн эсэх, нүүрсний борлуулалтын ил тод байдлыг хангах, үндэсний аюулгүй байдал нэрийн дор нууцалж, сонгон шалгаруулалт хийлгүй шууд худалдан авалт хийгдсэн оффтейк гэрээнүүдийг цэгцлэх сорилт байсан юм.

Энэ агуулгаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2022 оны 9 дүгээр сард Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн шинжилгээ хийхэд нүүрсний экспортын хэмжээ өндөр байгаа ч, ам.доллар орж ирэхгүйгээс валютын нөөц тогтмол буурч 2.7 тэрбум ам.доллар болж, төгрөгийн ханш унаж байгааг тогтоож тухайн үед танилцуулж байв.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар энэхүү нөхцөл байдал нь “Эрдэнэс тавантолгой”-гоос ачигдаж байгаа нүүрсний дийлэнх нь урьдчилж төлбөрөө төлсөн, төмөр зам бариулахаар хийгдсэн оффтейк гэрээнүүдтэй холбоотой болохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлаж бэлэн мөнгөөр зарж буй нүүрсний экспортыг нэмэгдүүлж, валютын нөөц нэмэгдүүлэх зорилгоор “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолыг баталсан.

Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Бодь интернэшнл” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын байгуулсан хэд хэдэн гэрээгээр, төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байсан ч үе шаттай нэмэгдсээр эцэстээ гүйцэтгэлийн дүн нь хоёр дахин нэмэгдэж 1.3 тэрбум ам.долларт хүрсэн шалтгааныг шалган тогтоох үүрэг бүхий УИХ-ын түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас УИХ-ын удирдлагуудад санал тавьсан.

Улмаар УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан нүүрсний сонсголын ажлын хэсэг байгуулагдсан ч илтэд үндсэн сэдвээс тойрч цаг алдсан тул Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан өмнөх туршлагыг харгалзаж тус нүүрсний сонсголыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар даргалуулах саналыг эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын хувьд миний бие тавьснаар УИХ-ын 63 дугаар тогтоол гарч ажил хэрэгжиж эхэлсэн.

УИХ-ын тогтоолын дагуу есөн өдрийн турш үргэлжилсэн сонсголын үйл ажиллагааны явцад төрийн өмчит компаниудын “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан бүхий л гэрээний хэрэгжилтийг хянахад шаардлагатай мэдээллийг “Бодь интернэшнл” ХХК нь өгөхдөө зассан, зарим шаардсан мэдээллийг огт өгөөгүй зэрэг сэжиг бүхий үйлдлүүд гарч байсныг олон нийт харсан.

Миний бие УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас шалгалтын үр дүнгийн талаар болон үндсэн зорилго яагаад хангагдаагүйг тодруулахад, “Ерөнхий сайдаа, Би дээд төрөө бодож байна” гэх учир битүүлэг хариу өгөөд өөр юу ч хэлэлгүй гарч явсан.

Сонсголын үр дүнд үндэслэн УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны 09 дүгээр тогтоолоор Засгийн газарт нүүрсний сонсголын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгсөн тогтоолтой танилцахад анхны зорилго болох валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд орхигдож, анхаарал татсан “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээний талаар нэг ч үг өгүүлбэр тусгагдаагүйг харж Б. Энхбаярт улс төрийн дарамт ирсэн эсвэл хувийн ашиг сонирхол байгаа нь нэн ойлгомжтой болсон юм.

Гэтэл саяхан миний бие УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 500 мянган ам.доллароор нэг удаа, 800 мянган ам.доллароор дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй ноцтой асуудлыг олж мэдсэн.

Иймд танай байгууллагад УИХ-ын гишүүн Б.Энхбаярт холбогдох дээрх асуудлыг гэрчлэх хоёр хүний хувийн мэдээлэл болон дүрс бичлэг зэрэг шаардлагатай нотлох баримтуудын хамт шалгуулахаар хүргүүлж байна. Гэрчүүдийн хувьд амь нас, аюулгүй байдалдаа ихээхэн санаа зовж байгаа бөгөөд танай байгууллагатай эрх зүйн хувьд гэрчийг хамгаалах буюу “шүгэл үлээгч”-ийн статустай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан болно.

Миний бие энэхүү гаргаж буй гомдлын хүрээнд гэрчийн мэдээлэлд үндэслэн хуулийн дагуу мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь энэхүү авлига, хуйвалдааныг өөрийн хамтран зүтгэгч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй байна.

Учир нь Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд мөн тус банканд хамт ажиллаж байсан Лхамсүрэнгийн Отгонбаяртай хамтарч, “Солонго & Мөнх партнерс” ХХК болон “Легал Линк Си Би Эй” ХХК-иар дамжуулан “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшл” ХХК-тай хэлэлцээрийг эхлэхэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр 11 тэрбум төгрөг авсан бөгөөд 2020 оны 06 дугаар сард хийгдсэн нүүрс нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, өртөг нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байж болзошгүй тухай холбогдох гэрчүүдийн мэдээллийг хавсаргав.

Д.Мөнх-Эрдэнэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоод “Бодь”-той холбоотой гэрээ, мэдээлэл, зарим төрийн өмчит компанийн шилэн дансанд байршсан мэдээлэл, цахим мэдээлэл, зарим камерын бичлэгийн мэдээллийг устгуулахыг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд одоо ч өөрт нь болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой нотлох баримтуудыг устгаж болзошгүйг анхааралдаа авахыг хүсье.

“Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөрзам” ХХК-ийн Голомт банканд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн Голомт банканд байрших 8154100935 тоот дансанд (хожим нь уг дансыг устгасан) 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293,700,000,000.00 (хоёр зуун ерөн гурван тэрбум долоон зуун сая) төгрөгийг шилжүүлж, “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улс төрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно.

Б.Энхбаяр нь өргөсөн тангаргаасаа няцаж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуулийн “манипуляци” хийж, худал мэдээллээр бусдыг төөрөгдүүлэх замаар өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал үүсгэж, авлига авсан байж болзошгүй “Орано Майнинг”-тай хийх хэлэлцээрт нөлөөлж, зөвлөх үйлчилгээний нэрээр гэрээ хийлгэсэн, тусгай хяналтын хорооны даргын хувьд хуучин нисдэг тэргийг шинэ нисдэг тэргээр солих баримтыг нэр бүхий хүмүүстэй бүрдүүлж өндөр үнээр худалдан авсан, цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг бусдад шилжүүлж, автомашин, орон сууц авсан зэрэг бусад дэлгэрэнгүй мэдээллийн нотлох баримтуудыг мөн хавсаргав.

Иймд Монгол Улсын иргэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ миний бие Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаярын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Холбогдох материалуудыг хавсаргав.

ГОМДОЛ ГАРГАСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ