2017 оны улсын төсвийг баталлаа

2017 оны улсын төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай,  Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэр­гий­лэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах ту­хай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Тус хуулийн төс­лүүдээр оффшор дансыг асуудлыг зохицуулахаар тусгасан юм.

Тав хоногийн өмнө ирэх оны төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.  Холбогдох хуулиар дараа оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батална гэсэн байдаг. Тэгвэл УИХ түүнээс тав хоногийн өмнө ирэх оны төсвийг ийнхүү баталлаа. 2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь, нийт зардал 8.568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2.408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувь болж, Засгийн газраас өргөн барьсан төслөөс 0.8 хувиар буурсан аж.

Мөн улсын төсвийн орлого, зарлагын өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангийн орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр нэмэн 1.978.0 тэрбум төгрөг, тус сангийн зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан 1.877.4 тэрбум төгрөг байхаар тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Ирэх 2017 онд зэсийн баяжмалын экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давахаар байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу зэсийн үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцжээ.  Ирэх оны төсөвт нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 4.599.0 ам.доллар, зах зээлийн үнийг 4.800.0 ам.доллар байхаар тооцож, Тогтворжуулалтын санд 7.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2017 онд тухайн жилийн ДНБ-ий 9.9 хувиас илүүгүй байх юм.

Харин Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд туссан Засгийн газрын шинээр авах зээл, гаргах үнэт цаас, өрийн баталгаа, тэдгээрийн эргэн төлөлт болон Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг оруулан тооцсоноор 2017 оны эцэст Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 84.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж хууль боловсруулагчид үзжээ.

Үүний дараа ирэх төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Иймд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Б.Пүрэвдорж: МАН-ын 65 гишүүн өөрийнхөө намын оффшорчидоо хамгаалсан хууль гаргаж байна

Чуулганаар нэлээд хүлээлт үүсгээд байсан төрийн дээд албан тушаалтан оффшор дансгүй байх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Тус хуулийн төслүүдээр оффшорын асуудлыг зохицуулахаар тусгасан юм.

ХэлэлцҮҮлгийн шатанд

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Энэ хуулийн талаар би сонин ойлголттой байна. Бусад улсад ил тод байдлыг хангахыг  шаарддаг болохоос хориглоод байдаггүй юм байна лээ. Хоёрдугаарт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өөрчлөхгүй бол Үндсэн хуультай утга санаа зөрчилдөж байгаа.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Бямбацогт: Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүс, гадаад улсад банкны данс болон гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд дээрх хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Ингэхдээ албан тушаалтны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зэрэг үндсэн эрх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд оффшор бүсэд оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглолтонд хамруулахгүй байхаар зохицуулсан.    

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ хуулиар өмнөх оффшорчдоо хэрхэн гаргаж, яаж шийтгэх юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. МАН-ын 21 оффшорчин байгаа шүү. АН-аас нэг оффшорчин байгаа. Энэ хүмүүсээ яах юм бэ. Хуулийг төслийг харахад, эрх баригч МАН-ынхан өөрийнхөө намын 21 оффшорчиноо хамгаалах чиглэлд илүү яваад байна. Хуулиас харж байхад өмнөх оффшорчин нөхдүүдийг яах ч үгүй. Харин шинээр гарч ирэх оффшорчид хохино шүү гэдгээр хандсан байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Бямбацогт: Хууль эргэж үйлчилдэггүй гэсэн зарчим байдаг. Гэхдээ С.Баярцогтын оффшор илэрсэн үед энэ хуулийг баталсан бол тухайн үед ил болсон оффшорчдод хариуцлага хүлээлгээд явах байсан. Тиймээс цаг алдахгүйн тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байна. 21:1 гэсэн тоо бол худлаа шүү. Тантай санал нийлэхгүй байна. АН-аас Э.Бат-Үүл даргын хүү, С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Кекүшьюзан Батбаяр зэрэг олон хүн байдаг.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Оффшорчин хүн данс, эсвэл оффшор бүсд байгуулсан компаниа өөрийн нэр дээр байгуулдаггүй гэсэн олон баримт бий. Ихэвчлэн гэр бүлийнхээ аль нэг гишүүний нэр дээр байгуулдаг. Тэгэхээр тухайн оффшорчин гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр оффшор данс нээсэн бол тухайн гэр бүлийн гишүүнд хариуцлага хүлээлгэх асуудал байгаа юу.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Н.Энхбаяр: Аливаа хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулдаг. Гэр бүлийн гишүүдийг хамруулж, хүрээг нь өргөжүүлэх эсэх асуудал дээр нэлээд ярилцсан. Үндсэн хуулийн 16 зүйлийн 14-т гэмт хэрэгт гэр бүлийн гишүүдийг хамруулж болохгүй гэж тодорхой заасан байгаа. Түүн дээр үндэслэн гэр бүлийн гишүүдийг хамруулж, өргөжүүлээгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Нууц данстай эрхмүүдийг ил болгохыг ард түмэн хүсч байгаа. Яригдаад байгаа 40,50 хүний хэн нь хэдэн төгрөг хадгалагдсан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс олон улсын байгууллагатай хамтарч энэ асуудлыг илрүүлэх талаар хийсэн алхам байна уу. Хоёрдугаарт, төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэж байна үүн дотор гэр бүлийн хүмүүс гэж оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. өөрийнхөө нэрээр гадаадад мөнгө хадгалдаг хүн байдаггүй юм.

Ажлын хэсгийн төлөөлөгч: Таны хэлснээр гэр бүлийн хамаарал бүхий гишүүнийг оруулж ирэх үү, үгүй юу гэж нэлээд ярьсан. Гэхдээ хууль бол Үндсэн хуульд захирагдах ёстой. Ингэхэд Үндсэн хуультай зөрчилдөж байсан. Тиймээс гэр бүлийн гишүүдийг хамаатуулаагүй юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ хуулийг татаж авсангүй харамсалтай байна. Уг нь бидний хийх ёстой алхам бол оффшортой тэмцэж байгаа олон улсын гэрээнд яаралтай нэгдэх хэрэгтэй. Хууль зүйн сайд хууль эргэж үйлчилдэггүй өмнөх оффшорчдод хамаагүй гэж тайлбар хийж байна. Хэрэв ингэж үзэж байгаа бол энэ хууль гарах ёсгүй. Оффшор данс эзэмшдэг хүмүүсээс тайлбар авах хэрэгтэй. Тиймээс энэ хуулийн төслийг буцаан татаж аваач. Энэ асуудалд нам ямар ч хамаагүй байх ёстой.

Ийнхүү Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 64.8 хувь нь хэлэлцэх ёстой гэж үзээд, дэмжив. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.