УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, гишүүдийн 69.2 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш уг хуульд улсын хил хамгаалалт, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр 13 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгажээ:
-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг шинээр тодорхойлон тусгасан.
-Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хилийн аюулгүй байдлын талаарх зохицуулалтыг шинээр тусгасан.
-Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
-Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан.
-Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлогдсон улсын хилийн дэглэмийн зорилгод хамаардаг улсын хил хамгаалалтын төрөл болох улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг мөрдүүлэх чиг үүргийг Улсын хил хамгаалах байгууллагад буцаан шилжүүлж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.
-Улсын хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, хэрэглэх журмыг хуулийн төсөлд шинээр тусгасан.
-Улсын хилийн аюулгүй байдлыг хангахад оролцох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодотгож, Улсын хил хамгаалахад туслах хүчний зөвлөл, туслах хүчний гишүүн, иргэний эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд:
Ц.Нямдорж:
-Үе шаттайгаар Хил хамгаалах байгууллагыг хилийн цагаа болгох нь зүйтэй гэж үздэг. Хил хамгаалах байгууллага Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байна, байхгүй асуудал байнга яригддаг. Хилийн шалган нэвтрүүлэхийг Улсын хил хамгаалах байгууллагаас шалгасан нь мөчид асуудал. Одоо нэг шийдлээ олох гэж байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байна” гэв. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хил хамгаалах байгууллагыг тусад нь бие даасан байгууллага буюу Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээд байхаар хуулийн төсөлд тусгасан. Монгол Улсын батлан хамгаалахын үзэл баритлалд дайны цагт Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн мэдэлд нэгдэж Хилийн баг дотоод цэрэг, онцгой байдлын алба үүрэг гүйцэтгэнэ гэж заасан. Хил хамгаалах байгууллага, хилчин буюу бие даасан байхаар заасан байгаа.
Д.Цогтбаатар:
Хилийн боомт, хилийн зурвас газруудыг төрийн мэдэлд байлгахыг баталгаажуулсан гэж байна. Хилийн боомт, зурвас газар чинь угаасаа төрийн өмчит газар байсан биз дээ. Өөр байсан юм уу?
С.Бямбацогт:
Хилийн тухай хуульд улсын хилийн шугам, улсын хилийн зурвас, хилийн бүс, хил орчмын нутаг дэвсгэр гэсэн томъёо байгаа. Өмнө нь 100 км-ийн бүс нутагт хилийн бүс гэж үзээд үүнд тодорхой хэмжээгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсан. Үүнд өөрчлөлт оруулж хилийн зурвасыг 15 км-ийн зурвас гэж тогтоогоод тодорхой аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа. Өнөөдөр хэтэрхий их бүс нутгийг хилийн бүс гэж үзэхээр тухайн газарт өвс хадлан бэлтгэх , мал, хүн амьдрахад бэрхшээл тулгарч байгаа юм.
Боомтын нутаг нь төрийн өмч байх ёстой байтал Хилийн тухай хуулиар боомтын газар нутагт газар эзэмших эрх нь нээлттэй байсан. Иймээс энэ асуудлыг хязгаарлах зорилгоор хуулинд өөрчлөлт оруулж байна. Хилийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалын үзэл баримтлалд яв цав нийцэж байгаа. Гадаадын иргэн харъяатын байгууллагыг татан буулгах нь гэсэн яриа гарч байна. Ийм асуудал байхгүй ээ. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хоёр байгууллага ойлголцоод ажиллаж байгаа. Өмнө нь тулгарч байсан асуудлыг шийдвэрлэхээр тус хуулийн төсөл орж ирж байгаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.