У.Хүрэлсүх: А.Цогцэцэг сайд аа, бяр чинь хүрэхгүй байгаа бол...

У.Хүрэлсүх: А.Цогцэцэг сайд аа, бяр чинь хүрэхгүй байгаа бол...

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ямархуу чадвартай дарга болохоо алхам тутамдаа харуулж, намынхаасаа зэмлэл хүртсээр байна. Тэр дундаа түүнийг огцруулах асуудал яригдаж эхэлсэн. Саяхан болсон Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр ч тэрбээр Шадар сайд У.Хүрэлсүхээс багагүй зэмлэл хүртээд амжжээ.

Уг нь эрхэм сайдыг 4-5 аймгийн дунд байгаа отрын бүс нутагт амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх машиныг шийдэх үүрэг өгсөн аж. Гэвч тэрбээр боломжгүй хэмээн асуудлыг шийдээгүй байна. Тиймээс Онцгой комиссын хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “А.Цогцэцэг сайд аа, Улсын онцгой комиссын хурлаас, Онцгой комиссын дарга танд үүрэг өгөөд, энэ асуудлыг шийд гэсэн. Энд нэг аймгийн асуудал яриагүй. Таван аймгийн отрын бүс нутгийн асуудал яригдаж байна. Энд яриад байгаа таван аймгийн отрын бүсэд өвөлжилт нэн хүнд нөхцөл байдалтай болчихоод байна гэж Хөдөө аж ахуйн сайдаас авахуулаад бүх хүмүүс танилцуулга хийгээд байна.

Гэтэл бүх бүтэн яам таван аймгийн 20 гаруй сумын дунд байгаа отрын бүс нутгийн эмнэлгийн машины асуудлыг шийдчихээгүй. Тэгээд хаа байсан АХБ-ны юм яриад сууж байх юм. Ийм байж таарахгүй шүү дээ” хэмээн бухимдсан байна.

Харин эрхэм сайд А.Цогцэцэг “Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд бид батламж өгөөд явуулсан. Засгийн газраас мөнгө гаргахгүй бол 29 сая төгрөгийн асуудал байгаа учраас бид өөрсдийнхөө дотоод нөөц бололцоон дээрээ тулгуурлаад шийдэх чадамж байхгүй байна. Би энэ асуудлыг хөөцөлдөж байна, үнэхээр бүтэмж муутай байна” хэмээсэн байна.

Үүний дараа Шадар сайд У.Хүрэлсүх “Наад асуудлаа тэгээд Засгийн газарт оруулаач дээ. Дарга хүн бол асуудал шийдэх гэж л дарга хийдэг юм шүү. Түүнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм. Яагаад та сайд гэгдэж байна гэхээр ажил хийдэг, асуудал шийддэг хүн байх ёстой учраас тийм албан тушаал дээр суудаг байхгүй юу. Тэр 7 машины асуудлыг генарал Бадрал та шийд мэдэв үү. Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байх шиг байна. Одоо тэгээд генарал л шийдэж дээ” хэмээн хатуухан “алган боов” амсууллаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.