ОХУ-д ажлын айлчлал хийж буй УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзжээ.
Уулзалтуудын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтсон олон жилийн түүхтэй, уламжлалт, найрсаг харилцааны үр ашгийг дээшлүүлж, боломж нөөцөө сайтар ашиглан, илүү өндөр төвшинд хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр “Парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байна. Энэ харилцааг гүнзгийрүүлж, аймаг, орон нутгийн хурлын болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Харин худалдаа, эдийн засгийн харилцаа санаснаас доогуур байгаа. Тухайлбал, 2016 оны эхний 10 сарын байдлаар манай нийт гадаад худалдааны дөнгөж 11 орчим хувь нь ОХУ-д ногдож байна.
Хөршүүдтэйгээ хийх худалдаанд тэнцвэрийг бий болгох нь бидэнд чухал. Монголоос ОХУ-д экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 орчим хувьтай байна. Хэдийгээр тарифын болон тарифын бус хүндрэл бэрхшээлүүд байгаа боловч одоогийн төвшнийг ахиулах, өмнө байсан төвшинд хүргэх, түүнээс илүү өргөжүүлэх шаардлагатай. Ийм боломж, нөөц бидэнд бий. Үүнд хоёр талын хамтын хүчин чармайлт шаардлагатай бөгөөд эрх зүйн талаас нь зохицуулах, татварыг багасгах, бараа таваарын чанарыг сайжруулах, хэмжээг нэмэгдүүлэх зэргээр гадаад худалдааг аль болох хөнгөвчлөх асуудлыг та бүхэн анхааралдаа авна гэдэгт итгэж байна.
Хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд парламентуудын зүгээс дэмжлэг түлхэц үзүүлж ажиллах нь чухал юм” гэж хэлжээ. Түүнчлэн Ази-Европыг холбосон хамгийн дөт зам манай хоёр улсыг дайран өнгөрч байна. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж ажиллавал үр ашигтай байх болно. Хурдны төмөр зам байгуулах, авто тээврийг хөгжүүлэх талаар “Эдийн засгийн коридор” төслийн хүрээнд санал санаачилга гарч байгаад бид баяртай байна. Төслийн хүрээнд энэ зорилтыг хэрэгжүүлэх сургалт судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудал яригдсан. Энэ талаар та бүхний санаа бодлыг сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтуудын үеэр ноён В.А.Васильев, В.В.Володин, В.И.Матвиенко нар эцэг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн найрамдалт, нөхөрсөг харилцааны төвшинг хэвээр хадгалж, цаашид хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Энэ үйл хэрэг биднээс, тухайлбал засаг, төрийн эрхийг барьж байгаа “Нэгдмэл Орос” нам, МАН-аас ихээхэн хамаарна гэдгийг онцолсон аж. Ноён В.А.Васильев “Хамтын ажиллагааны төвшин чамлалттай байгаатай санал нэг байна. Сайжруулах ёстой. Улаанбаатарт саяхан болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ойрын үеийн зорилтуудаа хэлэлцэн тохирсон гэж үзэж байна. Эдийн засгийн харилцааг амжилттай болгоход эрх зүйн орчин таатай байх ёстой.
изнесийнхэнд эрсдэл учрах ёсгүй” гэдгийг онцолсон байна. Мөн тэрбээр “Олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох боломж бидэнд нээлттэй байна. Энэ боломж зөвхөн Евразийн эдийн засгийн комиссоор хязгаарлагдахгүй. Өчигдөр “Нэгдмэл Орос” намтай МАН-ын байгуулсан хэлэлцээр хоёр орны хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орон улс төрийн аливаа асуудлаар бие биенийхээ баримталж буй байр суурийг олон улсын тавцанд дэмжсээр ирсэн.
Цаашид ч энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, нэгэнт бодитой аюул заналхийлэл учруулсаар байгаа олон улсын терроризмтай тэмцэх тухай асуудлыг энд дурдаж болно” хэмээжээ. Харин хатагтай М.И.Матвиенко Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагаа эхлэл төдийгөөс хэтэрсэнгүй. Түүнчлэн ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой. Би танд нэг зүйлийг аминчлан хэлье.
Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний төвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засч залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Та бол Улаанбаатар хотын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эрх барьж буй намын дарга, асар их туршлагатай хүн. Би сайн нөхрийн хувьд Танд найдаж байна” хэмээн зориуд тэмдэглэжээ.
УИХ-ын дарга М.Энхболд Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг бид судалж байна. Түүнчлэн ОХУ руу хийж байсан уламжлалт экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт тарифын болон бусад асуудлаас болоод багассаныг нэмэгдүүлэх зорилтыг бид тавьж байгаа. Үүнд та бүхний дэмжлэг бас чухал гэв. Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.