Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Уг хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтойгоор батлагдах гэж байна. Тухайлбал, Олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд дурдсан хүчирхийллийн төрөл хэлбэрүүдийг энэ хуульд зааж өгч байгаа. Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагалдаж долоон хуулинд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжууд дагаад өөрчлөгдөж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол амин сүнс нь Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нарт үйлдсэн хор аюулынх нь хэмжээгээр ял шийтгэл ногдуулах зохицуулалт өмнө нь үйлчилж байсан эрхзүйн зохицуулалтаас харьцангуй хатуу болж орж ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гол субъект нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд хуулийн үйлчлэлд хамаарна. Гэр бүлийн хамаарал бүхий этгээд нөгөө этгээдийнхээ эрхэнд халдаж, сэтгэл санааны, бэлгийн, эд материалын хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд тус бүрд нь хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг дагалдах хуулиудтайгаа уялдуулан оруулж ирж байгаа. Дээр нь Нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр, зан үйлд нөлөөлөх сургуулилтууд гэсэн зохицуулалт орж байгаа.
-Хүчирхийлэл үйлдэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх давтамжийг багасгах чиглэлийн зохицуулалт байгаа юу?
-Цагдаагийн байгууллагад шөнөдөө ирж байгаа дуудлагын 70 орчим хувь нь ахуйн хүрээний гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ирж байгаа. Эдгээр дуудлагуудыг ихэвчлэн захиргааны зөрчил болгоод шийдээд явж байна. Эрүүлжүүлэх болон бусад захиргааны албадлагын арга хэмжээ авч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эвлэрэх боломжийг одоогийн энэ хуулиар олгож байгаа. Ингэхдээ одоо шинээр батлагдах гэж байгаа хуулийн агуулгаар хамаарал бүхий өөр, хоорондын харилцан тохиролцоогоор эвлэрэхгүй, гагцхүү шүүхээр орж байж шүүхийн шатанд эвлэрэх зохицуулалтыг оруулж ирж байгаа. Ингэснээрээ хүчирхийлэл үйлдэгч этгээдүүдийн хүчирхийлэл үйлдэх давтамжийг үгүй хийх, хүчирхийлэл үйлдэгч Захиргааны болон Эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдолд зан үйлд нөлөөлөх сайн дурын болон албадан сургалтуудад давхар хамруулж өгч байгаа. Ийм зохицуулалт хийгээд ирэхээр нийгэмд айдас түгшүүр төрүүлээд байгаа үйлдэл багасах болов уу гэсэн хандлага байгаа.
-“Үл хайхрах” гэдэг хүчирхийллийн төрөл хэлбэрийг энэ хуулийн заалтад оруулах гээд дэмжсэнгүй. Та яагаад ийм санал оруулж ирсэн юм бэ?
-Миний оруулсан санал дэмжлэг авсангүй, уначихлаа. Гэхдээ бусад байдлаар зохицуулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл ээж, аавынхаа тэтгэврийн мөнгийг авч архи ууж байгаа хүнд эхний удаад захиргааны хариуцлага хүлээлгэнэ, хоёр дахь удаагаа гэмт хэрэг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл эцэг, эхийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг зүй бусаар зарцуулж, эрхэнд нь халдаж байна гэсэн үг.
-Сэтгэл санааны хохирол дээр хэрхэн хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа вэ?
-Сэтгэл санааны хүчирхийллийн олон төрөл хэлбэр бий. Тухайлбал, хардах, байнгын дарамтад байлгах, бусадтай уулзахыг хязгаарлах зэрэг бүх үйлдэлд Эрүүгийн болон зөрчлийн гэмт хэргийн түвшинд учруулж байгаа хор аюулынх нь хэмжээгээр хариуцлага тооцно гээд тусгасан байгаа.
-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг нь хойшлуулсан. Тэгэхээр одоо мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулна гэсэн үг үү?
-2002 онд батлагдсан Эрүүгийн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Долдугаар сарын 01-нээс хэрэгжих хуулинд зүйл заалтыг нь нэмээд томъёолоод явна. Зөрчилдөх зүйл байхгүй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.