Л.Эрхэмбаяр: АН-ын батлах аваагүй гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулна

Л.Эрхэмбаяр: АН-ын батлах аваагүй гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар яг одоо намынхаа байранд мэдээлэл хийж байна. Тэрбээр “Анх АН байгуулагдахад таван нам нэгдсэн. Энэ үед АН-ын батлах аваагүй гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болсон” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн АН-д анх удаа элсэн орж буй гишүүдийг энэ өдрүүдэд бүртгэж эхэлж байгаа аж. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан нийт гишүүд намын даргын сонгуульд оролцох ёстой болсон талаар АН-ын VI их хурлаас гаргасан билээ. Тус хурлаас намын шинэчилсэн бүртгэлийг явуулж, намын даргыг сонгуулийн журмаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу намын шинэчилсэн бүртгэл энэ сарын 12-ноос орон даяар эхлээд байгаа юм.

АН-ын гишүүдийн шинэчилсэн, нэгдсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байна. Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаасан байх шаардлагатай аж. Ингэж шинэчлэн бүртгүүлснээр цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэх гэнэ. Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн энэ өдрүүдэд АН-ын даргад нэр дэвшигчид орон нутгаар тойрч гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж буй бөгөөд аль нэг нэр дэвшигч сонгуулийн штаб байгуулж болохгүй, 00:00 цагаас хойш намын даргад нэр дэвшигчид хэн нэгэнтэй уулзаж болохгүй гэх мэтчилэн хатуу дүрэм журамтайгаар сурталчилгаагаа хийж байгаа юм байна. АН-ын даргыг сонгох нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд эдүгээ тав дахь аймагтаа үргэлжилж байгаа аж.

Дашрамд дурьдахад, намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж, 40 хоног үргэлжлэх бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч, санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.