Д.Хаянхярваа: БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж байгаа

Д.Хаянхярваа: БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн байна. Бүлгийн хурлын асуудлаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн болон бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Төрийн албаны тухай хууль мөн нэр бүхий гишүүдийн боловсруулсан хууль байгаа аж. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын бүлэг улс төрийн бусад намууд болон Төрийн албан зөвлөлтэй ярьж байж Төрийн албаны тухай хуулийг чамбайруулж гаргах ёстой гэдэгт санал нэгдсэн. Зургаа, долоон удаагийн сонгуулийн үр дүнг харж байхад сонгуулийн дараа төрийн алба тогтворгүй болж байна гэдэгт хүн бүхэн санал нийлдэг. Тиймээс төрийн албыг тогтвор суурьшилтай байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн уг хуулийг хэрхэн шинэчлэх, санал дүгнэлтийг бүлгийн гишүүдээсээ авсан байна. Тиймээс ойрын үед УИХ-д өргөн барих гэнэ. Харин Төрийн албаны тухай хуулийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бид сонгуульд орохдоо төрийн албыг дархлаатай болгоно гэсэн зорилт тавьсан. Саяхан батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мөн төрийн албыг тогтвортой болгох чиглэлээр тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцүүлж санал авлаа.

Одоо мөрдөгдөж байгаа хууль маань долоон бүлэг 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хууль 33 бүлэг 109 зүйлтэй том хууль болж байна. Нэгдүгээрт, энэ хуулиар төрийн албыг улс төрөөс аль болох хамаарал багатай болгоно. Ард иргэдээс ирдэг гол шүүмжлэл бол төрийн алба тогтворгүй байна. Сонгуулийн дараа өөрчлөгдөж байна. Үүнээс болоод төрийн албаны чадавхи муудаж байна. Тийм учраас төрийн албыг аль болох улс төрөөс ангид байлгаж, тогтвортой болгоход энэ хууль чиглэгдэж байна. Тухайлбал “шатлан дэвших”-ийг энэ хуульд гол болгож өгсөн. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга хийх хүн бол төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.

Яамны газрын дарга хийх хүн бол доод тал нь найман жил ажилласан байх ёстой. Хоёрдугаарт, төрийн албанд орж байгаа хүнийг хариуцлагажуулж өгч байгаа. Тухайлбал, төрийн албанд орох хүн онц хүнд гэмт хэрэг болон эрүү, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан  бол төрийн албанд орохгүй. Нөгөө талаар хууль бус томилгоо хийх, энэ нь Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тэндээс гарах хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Энэ бол төрийн албыг хариуцлагажуулж өгч байгаа. Гуравдугаарт нь төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Тэдний ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Дөрөвдүгээрт нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг энэ хуулиар зохицуулж өгөхөөр оролдож байгаа” гэв.

Төрийн албаны чиглэлээр Засгийн газрын үүргийг нэлээд өргөтгөж өгсөн гэнэ. Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлсэн юм байна. Тухайлбал, хууль бусаар халагдсан албан хаагчийн асуудлыг ТАЗ хүчингүй болгох эрхтэй.  Өмнө нь хүчингүй болгох эрхийг зөвхөн шүүх шийддэг байсан.  Энэ мэтчилэн төрийн албыг хариуцлагатай, тогтвортой болгох чиглэлд хуулийн төсөл боловсруулж байна. Хуулийн төсөлд төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулахаар Олон нийтийн зөвлөл байгуулж байгаа. Олон нийтийн зөвлөл хараат бус байх аж.

Мэдээллийн дараа зарим асуултад хариулт авлаа.

-Давосын эдийн засгийн чуулган боллоо. Энэ чуулган дээр Монгол Улс санхүүгийн хямралд өртөх эрсдэлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн гэнэ. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа ярив уу?

Д.Хаянхярваа: -Давосын чуулга уулзалтын талаар бүлгийн хуралдаан дээр тухайлан яригдаагүй. Энэ асуудал манай хувьд хүнд асуудал байгаа. Санхүүгийн хувьд бид өнөөдөр амаргүй байна. Гэхдээ бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг УИХ-ын болон Засгийн газрын төвшинд хайж, ажиллаж байна. Гадаад улс орнуудтай банк, санхүүгийн чиглэлээр хамтарч ажиллахаар тодорхой яриа хэлцэл хийж байгаа. Нэн ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж, нааштай алхмууд гарч байгаа. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа улс төрөөс ангид, популист цуурхлаас ангид байлган, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж явах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг эдийн засгаа яаж тогтворжуулах талаар саналаа солилцоно.

-Нүүрсний үнийг 71.5 ам.доллар гэж хамгийн дээд ханшаар гэрээ байгуулж чадлаа гэж байна. Энэ нь манай эдийн засагт ямар ач холбогдолтой байх бол?

Д.Хаянхярваа: -Засгийн газар шийдвэр гарган Тавантолгойн ордоос гарч байгаа нүүрсний үнийг тендэр шалгаруулан тогтоож, 71.5 ам.доллараар тогтоосон юм билээ.  Өнөөдөр Тавантолгойн ордын төсөл хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл хийгдэж байгаа. Энэ үнийн дүн тодорхой төвшинд нөлөөлөхгүй байх. Засгийн газар өөрсдийн хувилбараа хэзээ оруулж ирэх асуудлаар ярилцсан.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах тухай мэдээлэл гарсан. Энэ талаар бүлгийн хурлаар ярив уу?

Д.Хаянхярваа: -МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг улсад буцааж авахаар боллоо гэсэн худал мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Өнөөдөр бүлэг дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал яригдаагүй. 49 хувийг шалгах тухай асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногт тэр ажлын хэсэг зарчмын дагуу байнгын хороон дээр танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна гэсэн байр суурьтай байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон асуудлаар худал маягийн мэдээлэл нэлээд цацагдаж байна. Энэ худал асуудал манай гадаад дотоодын харилцаанд сөрөгөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бүлэг шийдвэр гаргаад Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад авчих юм байна. Тавантолгойн төслийг 400 сая ам.доллараар худалдчих юм байна гэдэг худал мэдээллийг түгээснээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох болов уу?

Д.Тогтохсүрэн: -Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг гурван гишүүнтэй болгоно. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилдог байна. Гэхдээ энэ зөвлөл хугацаагүй томилогдоно. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгддөг болгох чиглэлийн өөрчлөлтийг хийхээр тооцож байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.