Цалингийн доод хэмжээг 2013 онд нэмж, 192 мянган төгрөг болгож байсан билээ. Түүнээс хойш өөрчлөгдөхгүй явсаар энэ оны нэгдүгээр сарын 01-ий өдрөөс 240 мянга болж нэмэгдсэн. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг удаа дараа шаардсаар байж 25 хувиар өсгөхөөр болсон. Ингээд л энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдчихээд байна. Харин цалингийн доод хэмжээ нэмэгдлээ гээд ард түмний амьдралд хэрэг болов уу. Цалин нэмэгдсэн бил үү, үгүй. Нэмэр болохоосоо илүүтэй том гай л боллоо.
Мэдээж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зааж өгөх ёстой л доо. Тэгээд тэр нь гайгүй өндөр байвал хөдөлмөр эрхэлж байгаа хүнд хэрэгтэй. Ядаж л ямар ч ажил хийсэн сардаа 240 мянгаас доош цалин авахгүй гэсэн үг. Мөн ажил олгогч хуулийнхаа дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин өгч болохгүй. Гэхдээ өнөө цагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцэхээр цалин өгдөг газар гэж байхгүй шүү дээ. Яах вэ, зарим хувийн байгууллагууд хүн амын орлогын албан татвар болоод нийгмийн даатгалын шимтгэлээс зугтах гэж цалингийн доод хэмжээгээр үндсэн цалин гэж өгдөг. Бусад цалингаа шагнал, урамшууллын маягаар олгодог байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ тийм газар ч одоо ховор. Хүн бүр үндсэн цалингаа өндөр байлгаж, банкнаас зээл авч, амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйлээ зохицуулахыг эрмэлздэг болсон. Тийм болохоор цалингийн доод хэмжээгээр ойр ойрхон оролдоод байх нь тийм ч үр дүнтэй биш. Тэр дундаа энэ удаагийнх шиг хэний ч цалин нэмэгдэхгүй үед бол бүр гай болж гүйцлээ. Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнээр бүх төрлийн торгууль өссөн.
Цалингийн доод хэмжээтэй уялдуулж тогтоосон бүх торгууль, төлбөр шүү. Дээрээс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Зах, худалдааны төвд үнэ нь нэмэгдээгүй бараа тун ховор байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр л. Арай л автобус унааны тасалбарын үнэ л нэмэгдсэнгүй. Ингээд л иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдлийн шуурганд өртөж, хохирсоор. Өнөөдрийг хүртэл хэний ч цалин нэмэгдээгүй л байна. Ядаж байхад манайхан замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхдээ ч мууг хэлэх үү, торгууль нь нэмэгдээд үгээ хэлж байх шиг байна.
Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэмцэн барин нэмсэн нь цаанаа нарийн учиртай байсан юм биш үү. Тэртэй тэргүй өнгөрсөн жил улсын эдийн засаг хэцүүхэн байсан. Энэ онд улам л дордоно гэдгийг дээр доргүй л мэдэж байсан. Үйлдвэрчний эвлэлийнхэн хэчнээн бархирлаа гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй байж болох л байсан. Гэвч нэмсэн. Магадгүй улсын төсөвт орох торгууль мөнгийг нэмэгдүүлэх арга байсан юм биш үү.
Тэртэй тэргүй замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой бүхий л торгууль цалингийн доод хэмжээтэй уялдаатай учраас нэмэгдвэл дагаад улсын орлого өсөөд л явчихна. 25 хувиар шүү дээ. Гол зорилго ингээд биеллээ. Харин өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөхөөр цалин жаахан нэмэгддэг байсан уламжлалыг энэ удаад халсан. Эдийн засаг хямралтай, улс орон их хэмжээний өр төлөх учраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд л гүйцээ. Төрийн албаны цалин нэмэгдэхгүй болохоор хувийн хэвшлийнхэн цалингаа нэмнэ гэж юу байх вэ. Ингээд л төр цалингийн цэсийг нэмэхгүйгээр торгуулиас орох орлогыг өсгөж чадлаа. Сайхан л арга.
Шатахууны үнэ буурахгүй гэж үү
Засгийн газар ээлжит хуралдаанаараа Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс 50 мянга болгож, гурав дахин бууруулсан. Бүр 90-ээс дээш октантайг 160 мянган төгрөгөөс 30 мянга болгож, тав дахин бууруулчихлаа. Тэгвэл дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянга болгож бууруулсан.
Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах хэдий ч шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаа юм билээ. Ер нь Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг өмнө нь хоёр ч удаа бууруулаад байсан юм.
Тэгвэл энэ удаад нэлээд дорвитой буурууллаа. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа. Оны өмнөхөн нэг баррель нефть 50 ам.долларыг давж зарагдсан. Дээрээс нь манайд ам.долларын ханш нэлээд өсч байгаа. Тийм болохоор шатахууны үнэ өсөх нөхцөл байдал бий болсон гэж болно л доо. Тиймээс нэгэнт бага ч болов буурсан шатахууныхаа үнийг буцаагаад өсгөчихгүй байх шаардлага байгаа байх.
Гэхдээ онцгой албан татварууд гурав, бүр цаашлаад тав дахин буурлаа. Энэ хэмжээнд онцгой албан татварыг бууруулахад шатахууны үнийг өсгөхгүй барих битгий хэл бүр буурч болох ч дүр зураг харагдаад байгаа юм. Эрх баригчид яах вэ, шатахууны үнийг өсгөхгүй гэж хэлээд л гүйцээ. Гэтэл үүний цаана өөр ашиг сонирхол ч байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө Монголын ихэнх шатахуун импортлогчид МАН-ын “лого”-той. Тийм болохоор онцгой албан татварыг тултал нь буулгаж байгаад ашиг орлогыг нь жаахан нэмж өгөх гэж байж ч болох. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байгаа. Удахгүй ил, далд сурталчилгаа хийгээд эхэлнэ. Тийм болохоор мөнгө хөрөнгө намуудад чухал хэрэгтэй.
Тэр мөнгөнийхөө заримыг нь босгох арга онцгой албан татварын бууралт ч байж болох юм. Мэдээж шатахууны үнийн өсөлтөө хязгаарлаж таарна. Улмаар давхар “цохилт” хийх боломж ч байгаа. Уг нь бол шатахууны үнэ буурсан бол хэрэгтэй байсан юм. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч буурах боломжтой. Үгүй юм гэхэд иргэдийн халааснаас гарч байгаа мөнгө бага ч болов хэмнэгдэнэ. Гэвч тийм зүйл болохгүй нь бололтой. Одоо яах вэ, шатахууны үнэ нэмэгдээгүй нь их юм гэж хөөрөөд л сууж байхаас. Цалингийн доод хэмжээнээс болоод бүх торгууль, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихээд байхад бас шатахууны үнэ өсчихвөл хэцүүдэнэ биз дээ, энэ чинь.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.