Улаанбаатар oC

1072 хувьцааны 30 хувийг 300 мянгаар худалдаж авна гэв

1072 хувьцааны  30 хувийг 300 мянгаар худалдаж авна гэв

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн юм.

Тодруулбал, Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн нэг сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ. Иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа буюу нийт гурван тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзсэн ажээ. Уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “1072 хувьцаа бол нийт иргэдэд хамаарах асуудал. Энэ талаар УИХ шийдвэр гаргаад дөрвөн жил гаруй болж байна. 1072 хувьцааг иргэдийн зонхилох хэсэг нь мөнгөөр авах санал тавьж байсан. УИХ анх гаргасан тогтоолдоо Засгийн газар 1072 хувьцааг мөнгөжүүлэн худалдаж авч болох заалт тусгасан байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил энэ асуудлаар ахиц гарсангүй. Өнөөдөр ард иргэд мөнгөний гачаалтай, өр зээлтэй байна.

Иймд 1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг зургадугаар сард багтаагаад шийдэх саналыг Засгийн газарт тавьж байна” гэв. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Гурван сая иргэн 1072 хувьцааг эзэмших эрхтэй байсан. Харин үүнээс хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө төлүүлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлнээр авсан. 1.5 сая иргэн мөнгөөр авах хүсэлт гаргасан байдаг. Эдүгээ 971 мянган иргэн 6.5 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс 216 мянган ахмад настан тэтгэврийн, 75 мянган иргэн ипотекийн, 82 мянган малчин малчны, 214 мянган иргэн арилжааны зээлтэй байна гэсэн судалгааны дүн гарсан. Иймд ард иргэдээ өр зээлийн дарамтаас салгах хэрэгтэй гэж тогтоолын төсөл санаачлагчид үзсэн” хэмээсэн юм.

Үүний дараа Засгийн газрын ээлжит хурлаас шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн хурлын мэдээллийн танхимд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ. Энэ удаагийн ээлжит хуралдаанаар МАН-ын бүлгээс өргөн барьсан 1072 ширхэг хувьцааг мөнгө­жүүлэх тогтоолын төслийг хэлэлц­сэн аж. Өчигдөрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн хамгийн чухал асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудал байжээ. Ингээд Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжжээ. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцсэн байна Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй гэнэ. Иргэдээс хувьцааг худалдаж авах асуудлыг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарчээ. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуутай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлэх ажээ. Дашрамд дуулгахад, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  “Сайн хашаа” хөтөлбөр болон “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг мөн гаргасан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ