Монгол Улсын эдийн засаг 17 хувьд хүрч, Монголын тэргүүн баячууд жорлонгийн суултуураа хүртэл гаднаас зөөж “гангардаг” цаг үе дөрвөн жилийн өмнө бидэнд байлаа. Бүр мантуу, сүүгээ өмнөд хөршөөс зөөж, польш огурцы таваглаж тансаглаж байсан цаг саяхан. Англи, Америкийн алдартай брэндүүд ар араасаа Монголд салбар дэлгүүрээ нээгээд л өнгөц харахад бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаад ч байгаа юм шиг. Баян тансаг амьдралд бялуурч, бүгд машин унах хүртлээ хөлжсөн ч юм шиг. Гэвч энэ сайхан мөрөөдөл, үлгэрийн амьдрал харамсалтай нь багахан мөнгөөр тансагласан түр зуурын зугаа цэнгэл төдий байлаа. Хадгаламж нээж хуримтлал үүсгээгүй, эс бөгөөс хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийлгүй олсон хэдэн төгрөгөө баруун солгойгүй цацдаг шинэ баян шиг л сэтгэж байжээ, бид.
Уул уурхайн хэдэн том ордоо баруун солгойгүй тавьж туучихсан, лицензээр баяжсан хэсэг бүлэг нь эхнэрийнхээ үнэртэн гоо сайхны барааг гаднаас зөөж тансаглаж байсан нь тэр л дээ. Харин нөгөө талд үндэсний үйлдвэрлэл тэг заачихсан, дотоодын компаниуд орлого олох эх үүсвэрээ алдчихсан, хөгжлийн том төслүүд хөдлөх мөнгөгүйгээс таг гацчихсан байсан юм. Үндэсний үйлдвэрлэл эсгий таавчигаар хэмжигддэг, гэр хорооллын яндан буурах бус харин ч эсрэгээрээ өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байв. Хөгжлийн тухай яриа уул уурхайн лиценз, ашигт малтмалыг чиглэсэн хөрөнгө оруулалт, эс бөгөөс гадны буцалтгүй тусламж төдийхнөөр хэмжигдэж байсан цаг үеийг бид мартаагүй байна. Амьдрал өнгөц харахад хэтэрхий баян юм шиг боловч ард иргэдийн амьдрал нэмэр болох зүйл нь халамжийн 20 мянган төгрөгөөс өөр байхгүй байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар энэ бүхнийг зоригтой өөрчилж чадсаан.
Уул уурхайг түшиглэсэн цөөн хэдэн компаниас хэт хамааралтай болсон эдийн засгаа солонгоруулах, дотоодын үйлдвэрлэл, тэр дундаа аж үйлдвэржилтийг дэмжихийн тулд дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудлыг шийдэхээр Монгол Улс өөрөө олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгож чадсан юм. Дэлхий биднийг томоор үнэлсэн. Том ч итгэл үзүүлсэн. Дэмийртлээ тансаглачихаад алдаагаа гэнэт ухаарсныг маань зөвөөр ойлгож, дэмжиж олон улсын санхүүгийн зах зээлээс таван тэрбум ам.доллар босгох эрхийг нээж өгсөн юм. Бүр таван тэрбумыг шүү. Гэхдээ энэ удаад бидэнд алдах эрх байгаагүй.
Шинэ баян шиг загнаж таван тэрбумаар нь нэгмөсөн авч тансаглах эрх байгаагүй. Тиймдээ ч эхний ээлжинд 1.5 тэрбумын санхүүжилт босгож дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн нь Чингис бонд юм. Энэ мөнгөөр бид хэрэглээг дэмжээгүй, хэн нэгний эхнэрийн үнэртэн гоо сайхны барааг зөөхөд ашиглаагүй. Харин эсрэгээрээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, том төслүүдээ санхүүжүүлэх зэргээр бондын мөнгийг бодит ажил болгоход ашигласан нь өнөөдөр нүдний өмнө хийгдсэн их бүтээн байгуулалтаас харагдаж байгааг нуугаад яах вэ. Бондын мөнгийг буруу замаар ашиглаагүй шүү гэдгийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт болсон “Бондоор санхүүжсэн бүтээн байгуулалт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр яригдсан 20 гаруй томоохон бүтээн байгуулалт, 1600 гаруй ЖДҮ-ийн төсөл хөтөлбөрөөс харлаа.
Ингэж тайлагнах нь ч магад зөв байсан байх. Богино хугацааны улстөржилт, биднээс илүүг хийх вий гэсэн хар хорын атаархал, улстөржилтөөс үүдэж бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх буруу ойлголтыг нийгэмд өгч байсан. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэгчээр хэдийгээр нүдний өмнө ажил хийгдэж байсан ч хэрэгтэйгээс илүү хэрэггүйд зарцуулчихав уу гэсэн болгоомжлол, хардлага сэрдлэг нийгэмд байлаа. Гэвч иргэдийн хардлага, үл итгэх байдалд энэхүү хэлэлцүүлэг цэг тавилаа. Хэрэглээг биш үйлдвэрлэлийг дэмжсэн гэдгээ амаар биш хийсэн ажлаараа, хийж чадсан бүтээн байгуулалтаараа харуулав. Замын-Үүдээр бараа оруулж ирж Эрдэнэт рүү зөөдөг залуу “11 11” төв рүү хэрэг болгон утас цохижээ. Тэрбээр, “Ийм сайхан замтай болгож өгсөн Засгийн газарт баярлалаа. Энэ замыг засаагүй байхад би 300 мянгаар бараагаа зөөлгөдөг байлаа. Одоо харин 150 мянган төгрөгөөр зөөлгөж байна” хэмээн ярьжээ.
Энэ бол бонд бодит ажил хэрэг болсон ганцхан жишээ. Увс аймаг орох гурван хоногт эхнэртээ болоод очдог тухай явган шог яриа одоо зөвхөн дурсамж болон үлдэж байна. “Буянт-Ухаа 1, 2”, “Шинэ яармаг” зэрэг Хөгжлийн банкны санхүүжилтээр хөрөнгө оруулалтыг нь шийдсэн орон сууцнууд эхнээсээ ашиглалтад орж иргэд хамгийн хямд үнээр орон байртай боллоо. 80 гаруй мянган иргэн орон сууцанд амьдарч, нийслэлийн яндан, зуух тэр хэмжээгээр багасчээ. Бидний сайн мэдэх “Гудамж” төслийн ач буянаар замын түгжрэлд бид баяртай гэж хэлж чадсан. 21 аймаг нийслэлтэй автозамаар холбогдож, худал хэлсэн хүн унадаг дугуйтай замд гараад л улсынхаа нийслэлийг үзчихдэг болжээ. Там болсон зуслангийн зам толь болсныг өөр зуураа гайхуулцгаан жиргэцгээж байна. Гудамж уулзварын шинэчлэл бага зэрэг л хугацаа алдвал бухимддаг болсон байна, манай иргэд. Өмнө нь хэзээ ийм байлаа гэж гайхмаар.
Тавьсан замыг нь муухай болгочих вий хэмээн харамлах, хайрлах сэтгэлтэй болж, замын цагдаагийн утсанд иргэдийн гомдол ч тасрахаа больжээ. Энэ бүхэн улсынхаа дэд бүтцийг шийдэх том бүтээн байгуулалтын үр дүн. Ямар байснаа тэд мартаагүй, яаж өөрчлөгдсөнийг нь нүдээр харж, биеэр мэдэрсэн учраас л энэ биз. Цаашлаад өдрөөр тогны хязгаарлалтад орж, эрчим хүч, дулааны алдагдлаас болж хөлдөх шахдаг байсан толгойн өвчнөө бага багаар мартаж байна, нийслэлчүүд. Дулааны станц гэхээр л олгойдсон хар утаагаар төсөөлж байсан иргэдийн ухамсрыг “Амгалан” дулааны станц эрс өөрчилсөн. Хотын төвд шахам хог хаягдлаа ил гаргадаггүй, хорт утаа ялгаруулдагггүй станц ажиллаж байна гээд бод доо.
Социализмын үеийн тоног төхөөрөмжтэй байсан ТЭЦ III, IV бондын санхүүжилтээр эрс өөрчлөлт хийж тоног төхөөрөмжөө шинэчлэх ажлыг амжилттай эхлүүлээд явж байгаа гэнэ. Бидний сайн мэдэх Эрдэнэт хивсний үйлдвэр мөн л технологийн эрс шинэчлэл хийж, дэлхийн зах зээлд хөл тавьжээ. Арьс ширний үйлдвэрүүд алдагдлаас гарч ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж бондын хөрөнгөөр бүрдэв. Экспортыг дэмжих 888 төсөл хөтөлбөрүүд эхнээсээ үр дүнгээ өгч үндэсний үйлдвэрлэгчид ОХУ, БНХАУ цаашлаад АНУ, Японы зах зээлд хөл тавилаа.
Хөтөлийн цемент шохой, Монцемент, Хөх цав зэрэг гурван том цементийн үйлдвэр мөн л Чингис бондын хөрөнгөөр хөл дээрээ босч дотоодын хэрэглээнээс хальж, гадны зах зээлд гарч эхлээд байгаа. УИХ-ын даргын хэлсэнчлэн бондын хөрөнгө оруулалтаар бид иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгож чадсаныг хэн нэгний амнаас биш хийж бүтээсэн ажлаас нь харлаа. Бонд бодит ажил хэрэг болж улсын дэд бүтцийг шийдэхэд 30-хан хувийг зарцуулж, үлдсэн 70 хувиар нь бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөл дээр нь босгожээ. Энэ бол хийсэн ажил. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц их бүтээн байгуулалтын дөнгөж эхлэлээс дурьдахад ийм байна.
Бондын мөнгөөр 1600 гаруй ЖДҮ-ийн төсөл, улсын хэмжээний 20 гаруй томоохон төсөл, нийслэлийн орон нутгийн хэдэн зуун км замыг засчээ. Одоо дэлхийн брэндүүд Монголд биш бид дэргэд байдаг брэндүүд дэлхийд үнэ ордог сайхан цаг ирлээ. Польшоос огурцы зөөдөг биш экологийн цэвэр монгол брэндүүд Азийн орнуудаас эхлээд Англи, Америкт үнэд ордог болсон байна. Бонд босгосон нь буруу байгаагүйг, нүдээ олсон хөрөнгө оруулалт яагаад чухал байсныг монголчууд ойлгожээ. Хүний юмаар хүүдэгнэдэг биш өөрсдийн хийж бүтээснээр “баярхах” цаг ирлээ.