Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралын сүүдэр биднийг дайрахуйд импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай, уул уурхайгаас өөр экспортгүй жижиг улс чинь тэр дороо л өвдөг сөхөрдөг юм байна. Банкныхаа зээлийг арайхийж давдаг байсан иргэд эдүгээ гудамжны өнцөгт орших хүнсний жижиг мухлагтаа өр тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Удахгүй цагаан сар болно. Өртэй гээд хоосон сууж байхгүй л байх.
Өр зээлээ нэг гараараа төлөөд дахин нөгөө гараараа зээл, өр тавиад ч болов шинэлэх биз. Өмнө нь эцэг, эхдээ боломжоороо нэмэр болж, ууцыг нь ч болов худалдаж аваад өгчихдөг байсан юм. Энэ жил ч сарвайгаад зогсох 20 мянган төгрөгөө авч үлдэж чадаж байвал их юм болох нь шиг байна. Ийм бодол хөврөхүйд иргэд төдийгүй хөрөнгө бэлтэй хүмүүс Засгийн газартаа хандив өгч байгаа сураг чих дэлсч, цахим ертөнцөөр хэн хэчнээн төгрөг хандивласан тухай мэдээлэл гарч эхэллээ.
Энэ нь нийгмийг хоёр, гурав талцуулж, ёстой л хэн мэргэн санаа гаргах тухайд уралцаж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ 30 мянган ам, доллар хандивласан гэх юм. Нүүрээ гаргаад хэлснээрээ Б.Дэлгэрсайхан үнэн ярьсан байх. Харин Д.Бат-Эрдэнэ олны нүдэн дээр дуугараагүй болохоор үнэн эсэхийг бүү мэд.
Эл мэдээллийг уншсан зарим нь хандив өргөгчдийг “Энэ цагийн эх орончид” хэмээн магтан сайшааж байхад нөгөө талд өгсөн хандивыг нь голж, элдвээр хэлж сууна. Хэсэг нөхөд “Солонгосын ард түмэн ээмэг, бөгжөө тайлаад өгч байсан юм гэнэ лээ. Бид нэг өдрийн цалингаа хандивлаж яагаад болохгүй гэж” гэцгээн бусдыгаа уриалж сүйд болж байхад “Манайх ямар Солонгос шиг дайнд ороод ядарсан биш хэдэн авилгачид, оффшорчид улсаа хямраагаа биз дээ. Тэдний өрийг ард түмэн төлөх юм уу, горьд” хэмээн эсэргүүцэх нь цөөнгүй.
Үнэндээ цаг нь ирвэл ээмэг, бөгж байтугай халуун амь бүлээн цус, хүү, охиноо илгээх сэтгэл зүрх бидэнд бий. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг Солонгостой харьцуулж үл болно гэдэг нэгийг бодогдуулах. Монгол Улсад дайн болоогүй, газар хөдөлж, гамшигт нэрвэгдээгүй. Гагцхүү цадаж ханахыг үл мэдэх хэдхэн хүн л улсын эдийн засгийг ийм байдалд оруулсан бус уу. Хатуу хэлэхэд, төрөөс төрсөн тэрбумтнууд төрийн дансыг улайлгаж орхисон биз дээ. Тэд яагаад таг дуугүй байна.
Баялаг бүтээх нэрийн дор гаднаас орж ирсэн зээл тусламжийн ихэнхийг нь залгиж орхисон зарим компанийн захирлуудын гараа сунгах цаг үе бус уу. Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк болон бусад санхүүгийн эх үүсвэрээс орж ирсэн мөнгө хэний гараар орсон юм бэ. Эгэл жирийн иргэд орон сууцны найман хувийн зээл авах гэж үйл тамаа үздэг байтал орж ирснийг нь Засгийн газраар баталгаа гаргуулан байж хувааж авчихаад төлөх болохоороо төр, засаг ард түмэндээ нялзайчихдаг нөхдийн өмнөөс ядарсан ард бид өр төлмөөргүй байна.
Бас хүүхдийнхээ хоолны мөнгөнөөс илүүчилж, хандив өргөх хүсэл хэн хүнд ч байхгүй ээ. Бид Б.Дэлгэрсайхан шиг Сэлэнгийн Ерөө сумын нутаг, Минжийн хангайн салбар уулсын нэг сүрлэг Хандгайт уулыг тал болтол нь талхлан нурааж, уутлан Хятад руу гаргаж цөм баяжаагүй. Хэрэв түүн шиг баяжсан бол 100 бус тэрбум төгрөг бариад зогсч байх байсан юм. Тэр тэрбумыг өгсөн бол хэн ч гоочлохгүй байж мэднэ. Бид бас Ажнайн Д.Бат-Эрдэнэ шиг Монголын ард түмний шимийг нь хүртэх учиртай газрын баялаг нүүрсийг экспортлож, зөөж баяжаагүй. Үнэндээ бидэнд улстөржиж, намдаа хандив өргөн албан тушаал худалдаж авах мөнгө байхгүй.
Харин намдаа хандив өргөн албан тушаалд томилогдсон гэх сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирлууд, аймаг нийслэл, дүүргийн газар хэлтсийн дарга нараасаа эх орондоо хандив өргөнө үү гэж уриалмаар байна. Сайд болох гэж 400 саяыг өгдөг цаг өнгөрч хэдэн тэрбум хүрсэн тухай хэвлэлээр хангалттай л бичиж байна. Улстөрчид УИХ-ын сонгуульд нэг бус гурав дөрвөн тэрбум төгрөг зарцуулдгийг бид мэднэ. Нам, намын удирдлагадаа 20, 200 саяыг атгуулж чадсан нь яам, тамгын газрын газар, хэлтсийн дарга болдог нь нууц биш болсон биз дээ.
МАН албан тушаалын томилгооноос 60 тэрбумыг босгоно гэж ярьсан нь үүнийг баталгаажуулсан хэрэг гэж хэн хүнгүй ярьж байна. Тэд бас нэгийг бодоосой. Саяхан болж өнгөрсөн АН-ын даргын сунгаанд тус бүрнээ 250 саяыг төлсөн нэр дэвшигчид 25 сая төгрөг бариад зогсч байвал нэр төрийн хэрэг бус уу. Түүнчлэн сардаа 30 сая төгрөгийн цалин авдаг албан тушаалтнууд яагаад чэмээгүй байна вэ. Өнөө төрийн монополь компаниуд хаачив. Гэхдээ тэдний ажилчид бус эзэд нь хандив өргөх ёстой санагдана.
Тэд баялаг бүтээгээгүй, төрийн өмчийг өөрийн болгож чадсан учраас өдөж буй хэрэг. Тэр бүү хэл, тэр их өрнөөс хуваалцчихаад Засгийн газрын шийдвэрээр хөнгөлөлт эдэлсэн “Монполимет” тэргүүтэй 22 компани хамгийн түрүүнд дуугарч, ард түмэндээ үүрүүлэх гэж шоудаад байгаа ачаанаас өөрсдөө үүрчихэд л Монгол Улсын эдийн засгийг аврах хандив нь болох бус уу. Ингэвэл ард түмэн өөрөөр хандах болох юм шүү.
Үнэндээ улсаа бодохул хандив өгчихмөөр байвч, авлигачид оффшорчдыг санахаар, улс орныг минь хэн ийм байдалд оруулсан билээ гэж бодохоор горьд гээд сууж баймаар байна хэмээн хэн хүнгүй ярьж, ард түмэн ч толгой нь эргэчихсэн мэт байна даа. Дээр цухас дурдсан МАН-ын шоу битгий байгаасай гэсэн нь улсдаа хандив өгөөч гэж албан ёсоор төр засаг ард түмэнд хандаагүй байгаа, зарим албаны хүний яриагаар Монголын төр ард түмнээсээ хандив гуйхаар дор орчихоогүй байгаа гэх юм. Ядаж газрын баялаг алт бий гэсэн дээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.