“Хэн нь бэ” булан нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг онцолж байгаа билээ. Энэ удаад үргэлжлүүлэн нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарыг онцлон танилцуулж байна.
БАЯНГАОЛ ДҮҮРЭГ: С.ОДОНТУЯА
Энэ бүсгүйг монголчууд хэдийнэ танидаг болсон шүү дээ. Ахмад үеийнхэн Салдан сайдын охин гэдгээр, дунд үеийнхэн "Сентоза"-гийн бизнесмен гэдгээр, залуучууд имиж сайтай УИХ-ын гишүүн гэдгээр нь С.Одонтуяаг мэднэ. Ялангуяа, улс төр сонирхдог залуучуудын тухайд “Эдийн засгийн алуурчин” гэх сэдвийг хөндөж, улс төрийн сонгуулийн уриа лоозон болгож орж ирснийг өчигдөр мэт тод санадаг юм.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа л намын бүлгийн дэд дарга, хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудал дэмжих лобби бүлгийн ахалж ажилласан билээ. Үнэндээ эрхэмсэг эл хатагтай 2012-2016 оны парламентийн өнгө зүс, нэрийн хуудас болсон цөөн бүсгүйчүүдийн нэг байв. Миний мэдэхийн хэлсэн үг нь байгаа олж, жинтэйхэн тусах нь бий.
Улстөрчийн намтар түүхийн хувьд олон хуудас эргүүлэхүйц биш ч эдүгээ Засаг даргаар нь ажиллаж байгаа Баянгол дүүргийнхээ АН-ын дэд даргаар улстөрчийнхөө гараанд хөл тавьж, “Иргэн та баялаг сан”-г тэргүүлж, 2008-2012 онд НИТХ-ын тэргүүлэгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байдаг. Өөчилж гоочлох нэг нь С.Эрдэнийг дагасандаа өдий зэрэгтэй яваа юм гэцгээдэг ч чухамдаа “Эрдэнэ” вангийн хошуунд ардчилал бөх бат оршин тогтнож байгаа тулгуур багануудын нэг нь С.Одонтуяа байж мэднэ. Тэр ч утгаараа баянголчууд С.Одонтуяагаас салах дургүй.
Орон нутгийн сонгуулийн үеэр С.Эрдэнэ түүнийг Баянгол дүүргийн Засаг даргаар томилохоо албан ёсоор мэдэгдэхэд эсэргүүцэх хүн нэг ч гараагүй. Хувь хүнийхээ тухайд тэрбээр хүүхэд байхын нийгмийн идэвхи сайтай нэгэн байсан. Нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийг онц дүнтэй төгсч, ОХУ-ын Санктпетербург хотноо олон улсын эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Амьдралд ч, улс төрд ч Харвардын профессор Н.Грегори Мэнкьюгийн онолыг тулгуур болгодог гэдгээ тэрбээр нуудаггүй. Тэднийх хүү, охин хоёртой. Хүү нь Бээжингийн их сургуулийг төгссөн бөгөөд эдүгээ “Сентоза” компаниа удирдаж буй. Харин бага охин нь дунд сургуулийн сурагч.
СҮХБААТАР ДҮҮРЭГ: Х.БОЛОРМАА
Гадна төрхөөсөө ч хэлсэндээ хүрдэг шинж нь илт харагддаг түүнийг Ардчилсан намын өнгө төрх болж яваа хатагтай нарыг нэг хэмээн тодорхойлж болно. Өөрөө ч тийм нэг гүжирмэг, шулуун зантай нэгэн юм билээ. Улс төрд, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэсэн журмын нөхөд нь Х.Болормааг алсын замд ханилсан байхад алзахгүй хэмээн магтах нь бий. Үүнийгээ ч орон нутгийн сонгуулиар намдаа болон журмын нөхөддөө харуулаад авсан. Ялагдал хүлээн бачимдаж буй цаг үед орон нутгийн сонгуулиар намдаа нэг суудал чирээд ирнэ гэдэг гавьяа байлгүй яах билээ.
Х.Болормаа ажлаа хүлээж аваад удаагүй ч ажлын туршлагын хувьд бусад шиг дүүрэгтэйгээ танилцах, ажлаа юунаас эхэлбэл оновчтой хэмээн тархиа барихын зовлонг эдлээгүй. Өмнө нь дөрвөн жил Засаг даргын орлогчоор ажилласан төрийн төлөөлөгчийн хувьд хийж гүйцээгээгүй ажлаа шууд л барьж авсан байж таарна. Ер нь бол Сүхбаатар дүүрэг ажил үйлс, бүтээн байгуулалтаараа нийслэлийн зургаан дүүргийг манлайлсаар ирсэн билээ. Эдүгээ өөр намын бодлогод өөрийн мөрийн хөтөлбөр энэ тэрээ нийцүүлэх гэж ухаан зарж яваа байж мэднэ. Гэхдээ тэр чадна. Шулуухан хэлэхэд, 140 мянган өрхийнхөө ахуй амьдрал нь ямар түвшинд явааг, хэнд ямар тусламж үйлчилгээ хэрэгтэйг , хэн улс, дүүргийнхээ нэрийг дуурсгаж явааг Болормаа дарга андахгүй. Тэр ч утгаараа мань хүн “ Монгол Улсын нийслэлийн өнгө төрх нь, үүд нь болсон дүүрэг бол сүхбаатар. Бид эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, эко дүүрэг болгохын төлөө хичээн ажиллах болно.
Иргэдээ дээдэлж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах нь миний, бидний үүрэг.Тэгээд ч дүүргийн маань хүн ам жилээс жилд өсч, шинээр сүндэрлэх барилга байшин өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс зохион байгуулалтыг чухалчилна” хэмээсэн нь олон үггүйгээр зорилго, төлөвлөгөө ойлгуулсан хэрэг. Нөгөөтэйгүүр, Засаг дарга Х.Болормаа иргэд хүлээж авах өдрийг зөвхөн тэдэндээ зориулдаг нь сүхбаатарчуудад ихээхэн таалагдах болсон байна. Өчигдрийн байдлаар 235 иргэнийг хүлээн авч уулзан 114 иргэний асуудлыг газар дээр нь шийдсэн байх жишээний. Энэ бол бага биш үзүүлэлт. Хагас, бүтэн сайныг тэрбээр Засаг даргын хувьд хороодын үйл ажиллагаатай танилцах хамгийн таатай боломжийн өдөр гэж үздэг юм билээ. Ийм нэг дайчин бүсгүй Сүхбаатар хэмээх их айлын голомтыг сахиж яваа.
Ингээд түүнтэй Сүхбаатар дүүргийн хөгжлийн талаар “Монгол Улсын хөгжлийн гол зангилаа гэж би хувьдаа боддог. Та надтай санал нийлэх үү? хэмээн яриа өргүүлэхэд “Тантай санал нийлнэ. Нийслэлийн хөгжлийг энэ л өнцгөөс харж байгаа. Гэхдээ хөгжил судалгаагүйгээр явахгүй шүү дээ. Сүхбаатар дүүргээс төрсөн гэж онцолж, хэлтийлгүй эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсч, санаа оноогоо уралдуулж байгаад дүүргийнхээ хөгжлийн гарцыг бид тодорхойлсон. Бидний зорилго бол ахмад настнууд нь амар амгалан, залуус нь ажилтай, орлоготой, үр хойч нь эрдэм боловсролтой, улс нь эдийн засгийн чадавхитай байх явдал. Энэ бүхэн цогцолсон байхад аандаа хөгжилд хүрнэ.Тэгээд ч Монгол орон өөрийн онцлогтой. Тэр онцлогоо хөгжлийн бодлогод ямар байдлаар тусгаж өгөхөөс улсын хөгжлийн хурд шалтгаална.
-Та бизнесмен хүн. Тиймээс гэр хорооллын иргэдэд ямар боломж байгааг ажиглаж, судалж явдаг нь мэдээж. Ямар боломжууд харагдаж байна?
-Би аливаа зүйлийг жижгээр харах дургүй. Жижиг сэтгэвэл жижиг л амжилт ирнэ. Том сэтгэж, том харах хэрэгтэй. Жишээ нь, монголчууд дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үлдвэрлэдэг үйлдвэрүүдээс хоёр, гурвыг ч болов оруулж ирэхийн төлөө ажилламаар байгаа юм. Хууль, эрх зүйн орчин дээр нь хууль боловсруулагчид анхаарч, татварын таатай нөхцлийг тэдэнд санал болгоход л тэд гүйгээд орно шүү дээ. Миний хувьд санаж, сэдэж яваа бүхнээ ажил хэрэг болгохын төлөө зүтгэдэг дээ.
Манай Сүхбаатар дүүргийн иргэдийн хувьд хашаа хашаандаа жижиг өрхийн аж ахуй эрхлэх бус үйл ажиллагааныхаа чиглэлээр нэгдэж нийлээд нэг хэсэг нь дан лууван, нөгөө нь байцаа, гурав дахь нь сонгино тариалж түүгээрээ дүүргийн иргэдийн хэрэгцээг хангаж болно.
Монгол орны хөрсөнд ургасан лууван яаж ч бодсон импортын луувангаас аль ч талаараа илүү шүү дээ. Завханы улаан сармис гэж байдаг. Хятадууд манайхаас хэдэн арван кг-аар нь авч явдаг. Ааг, амт сайтай сармис. Түүнийг бас ургуулж болно. Хүнсний хамгийн аюулгүй бүтээгдэхүүн зөвхөн манайд л байдаг. Үүнийг мэддэг хятадууд Улаанбаатараас гурил хүртэл зөөнө гээч. Энэ бүхэн алдаж болохгүй бизнес. Тиймээс ХАА, газар тариалангийн салбарыг дэмжиж ажиллах болно” гэж хариулсан нь надад ч нэгийг бодогдуулж амжсан.
Харин энд сонин болгож, түүнийг улстөрчийн хувьд хэн бэ гэдгийг энд өгүүлэхэд гэмгүй болов уу. Монгол оронд ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд оюутан байсан тэрбээр болж буй үйл явдлыг эхэндээ залуу хүний сониуч зангаар очиж хардаг байснаа аандаа хэлж буй үг, баримталж буй бодлого нь чихний үзүүрт сул өнгөрөх дэмий зүйл биш санагдаад явчихсан гэдэг. Ингэж л ардчиллыг, улс төрийг дотоод сэтгэлдээ дэмжиж эхэлсэн гэнэ лээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.