С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан ч би хариуцлага хүлээхгүй

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан ч би хариуцлага хүлээхгүй
АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ  “АН-ын VII их хурал амжилттай болж, өндөрллөө. Тиймээс ирэх долоо хоногоос есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдана.
 
Энэхүү шинэчлэлийн хүрээнд гишүүдийн оролцоотойгоор сум, хороодын намын дарга, үүрийн бүрэлдэхүүнийг сонгож, баталгаажуулна. Ингэснээр АН бүх шатандаа шинэчлэгдэх юм” гэлээ. Түүнчлэн энэ удаагийн их хурлаас АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус, тус байгуулсан байна. 
 
Мэдээллийн зарим асуултад хариулт авлаа. 
 
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилгоог Үндэсний зөвлөлдөх хороогоор оруулж батлуулахаар болж, шийдвэрлэсэн байсан. Гэтэл Ц.Тувааныг шууд томилчихлоо. Ямар учиртай юм бэ?
-Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь намын дүрмээр Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороонд байгаа. Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Уг тогтоолд “Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хүртэлх хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллуулах эрхийг намын даргад олгоно” гэсэн. Энэ хүрээнд өчигдөр 01 тоот тушаал гаргаж, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон.
 
-“Шонхор тауэр-ийг АН-ын төв байр болголоо. Энэ ямар учиртай байр юм бэ?
-Намын үйл ажиллагааг хэвийн явуулах, намын гишүүд, дэмжигчид, дунд шатны удирдах ажилтнуудаас эхлээд бүгд удирдлагатай хамтрах  боломжоор хангаж ажиллах ёстой. Энэ асуудлын хүрээнд Ардчиллын өргөөн дээр намын төв байрыг байрлуулах шийдвэр гаргасан. Ер нь аль ч нам, төрийн бус байгууллагуудын удирдлагын үндсэн гол үүрэг бол тухайн байгууллагынхаа санхүү, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, бодлого, шийдвэр гаргаж удирдах үүрэгтэй  байдаг. Энэ үүднээсээ шийдвэр гаргасан гэж болно.  Хуучин байранд хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс ажиллана.
 
...Ц.Туваан бид хоёрт  “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн Ардчилсан намын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай, төрийн алба хашиж яваад ирсэн хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан... 
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна гэж байсан. Энэ асуудал хэвээрээ байгаа юу. Таны хувьд нэр дэвшүүлэх бодолтой хүн байна уу?
-Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Бид бүх гишүүдийн оролцоотой Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд тавдугаар сарын 1-7-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий  парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ хэлэлцэж тодруулдаг.  Бидний хувьд энэ хугацаанд бүх гишүүдээрээ санал хураалтаар эхний шатны нэр дэвшигчийг тавдугаар сарын 02-нд тодруулна. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тавдугаар сарын 6-7-нд их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтад тодруулах төлөвлөгөөтэй байна.
 
-Танай  нам фракцаасаа сална гэж яриад байгаа. Гэтэл намын дарга “Шонхор” фракцаас сонгогдсоны дараа ерөнхий нарийн бичгийн даргыг мөн “Шонхор” фракцаас сонголоо. Энэ  нь фракцаасаа салах намын зорилттой хэр нийцэж байгаа вэ?
-Ц.Туваан бид хоёрт  “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн Ардчилсан намын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай, төрийн алба хашиж яваад ирсэн хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна. Өнөөдөр Ардчилсан нам фракц байхгүй болгоно гээд үүнийхээ эсрэг алхам хийгээд байвал фракц арилахгүй. Би яах юм, фракцуудад албан тушаалыг тэгш хуваарилах ёстой юу. Одоо бол тийм зарчим барихгүй. Фракцаар эрх мэдлийн хуваарилалт хийдэг бодлогоос татгалзаж байгаа. Би аль нэг фракцын лоббигоор намын дарга болоогүй. Би бүх гишүүдийн санал асуулгаар сонгогдсон намын дарга. Тиймээс надад аль нэг фракцыг илүү харах, барьцаалагдах шаардлага байхгүй.  
 
-З.Энхболд дарга сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хариуцлагаа үүрч, намын даргын албан тушаалаа өглөө. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолдолд та хариуцлага хүлээх үү?
-Намын үндсэн дүрмийн хүрээнд тухай, тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөнд дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. АН Ерөнхийлөгчийн сонгуульд  ялагч байхыг  эрмэлзэнэ.   Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй. Ёсзүйн хувьд мэдээж тайлангаа тавина. Намын үндэсний бодлогын хороон дээр сонгуулийн дүнг хэлэлцүүлнэ.
 
-Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг хэзээ томилох вэ, шалгуур нь юу байх юм бол?
-УИХ-ын нэг мандат дээр хуучин Үндэсний зөвлөлдөх хорооны гурван гишүүн томилогддог байсан. УИХ-ын 76 тойрог дээр таван Үндэсний бодлогын хорооны гишүүн томилогдохоор тооцож байгаа. УИХ-д сонгогдсон гишүүд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр шууд сонгогдох юм. Үндэсний бодлогын хорооны гишүүнээ УИХ-ын гишүүн болгосон аймаг, дүүрэгт тэр суудал дээр нөхөн сонгууль болж нэг бол бонус маягаар тухайн аймаг дүүрэг үндэсний бодлогын хороонд нэмж суудал авах эрхтэй байхаар дүрэмд зохицуулалт хийсэн. Урьдчилсан байдлаар ирэх дөрөвдүгээр сарын 6-нд бүх анхан, дунд шатны сонгуулийг бүх гишүүдийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Энүүгээр Үндэсний бодлогын хорооны гишүүд маань 76 тойргоос гарч ирэх юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.