Улаанбаатар oC

С.Эрдэнэ: Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй

С.Эрдэнэ: Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй

АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ  “АН-ын VII их хурал амжилттай болж, өндөрлөлөө. Тиймээс ирэх долоо хоногоос есөн дүүрэг, 152 хороо, 21 аймаг, 330 суманд АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдана. Энэхүү шинэчлэлийн хүрээнд гишүүдийн оролцоотойгоор сум, хороодын намын дарга, үүрийн бүрэлдэхүүнийг сонгож, баталгаажуулна. Ингэснээр АН бүх шатандаа шинэчлэгдэх юм” гэлээ. Түүнчлэн энэ удаагийн их хурлаас АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус, тус байгуулсан байна.

Мэдээллийн үеэр АН-ын даргаас зарим асуултад хариулт авлаа.

-Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томил­гоог Үндэсний зөв­лөл­дөх хороогоор оруулж бат­луу­ла­хаар болж, шийдвэрлэсэн байсан. Гэтэл Ц.Тувааныг шууд томилчихлоо. Ямар учир­тай юм бэ?

-Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь намын дүрмээр Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороонд байгаа. Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Уг тогтоолд “Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хүртэлх хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллуулах эрхийг намын даргад олгоно” гэсэн. Энэ хүрээнд өчигдөр 01 тоот тушаал гаргаж, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон.

-“Шонхор тауэр”-ийг АН-ын төв байр болголоо. Энэ ямар учиртай байр юм бэ?

-Намын үйл ажиллагааг хэвийн явуулах, намын гишүүд, дэмжигчид, дунд шатны удирдах ажилтнуудаас эхлээд бүгд удирд­лагатай хамтрах  болом­жоор хан­гаж ажиллах ёстой. Энэ асуудлын хүрээнд Ардчиллын өргөөн дээр намын төв байрыг байрлуулах шийдвэр гаргасан. Ер нь аль ч нам, төрийн бус байгууллагуудын удирдлагын үндсэн гол үүрэг бол тухайн байгууллагынхаа санхүү, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, бодлого, шийдвэр гаргаж удирдах үүрэгтэй  байдаг. Энэ ч үүднээсээ шийдвэр гаргасан гэж болно.  Хуучин байранд хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс ажиллана.

-Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигчийг сун­гаа­гаар тодруулна гэж байс­ан. Энэ асуудал хэвээрээ юу. Таны хувьд нэр дэвшүүлэх бодолтой хүн байна уу?

-Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Надад тийм боломж, эрхийн хэмжээ байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ би нэрлэхгүй. Бид бүх гишүүдийн оролцоотой Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд тавдугаар сарын 1-7-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий  парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ хэлэлцэж, тод­руул­даг. Бидний хувьд энэ хуга­цаанд бүх гишүүдээрээ санал ху­раал­таар эхний шатны нэр дэв­шиг­чийг тавдугаар сарын 02-нд тодруулна. Хамгийн олон са­нал ав­сан хоёр нэр дэвшигчийг тав­дугаар сарын 6-7-нд их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтаар тодруулах төлөвлөгөөтэй байна.

-З.Энхболд дарга сонгуульд ялагдал хүлээснийхээ да­раа хариуцлагаа үүрч, намын даргын албан тушаа­лаа өглөө. Тэгвэл Ерөнхийлөгчийн сон­гуульд АН ялагдсан тохиолдолд та хариуцлага хүлээх үү?

-Намын үндсэн дүрмийн хүрээнд тухай, тухайн салбар­таа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөн дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. АН Ерөнхийлөгчийн сонгуульд  ялагч байхыг эрмэлзэнэ.   Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй. Ёсзүйн хувьд мэдээж тайлангаа тавина. Намын үндэсний бодлогын хороон дээр сонгуулийн дүнг хэлэлцүүлнэ.

-Үндэсний бодлогын хороо­ны 380 гишүүнийг хэзээ томилох вэ, шалгуур нь юу байх юм бол?

-УИХ-ын нэг мандат дээр хуучин Үндэсний зөвлөлдөх хорооны гурван гишүүн томилогддог байсан. УИХ-ын 76 тойрог дээр Үндэсний бодлогын хорооны гишүүн томилогдохоор тооцож байгаа. УИХ-д сонгогдсон гишүүд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр шууд сонгогдох юм. Үндэсний бодлогын хорооны гишүүнээ УИХ-ын гишүүн болгосон аймаг, дүүрэгт тэр суудал дээр нөхөн сонгууль болж нэг бол бонус маягаар тухайн аймаг дүүрэг үндэсний бодлогын хороонд нэмж суудал авах эрхтэй байхаар дүрэмд зохицуулалт хийсэн. Урьдчилсан байдлаар ирэх дөрөвдүгээр сарын 6-нд бүх анхан, дунд шатны сонгуулийг бүх гишүүдийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Үүгээр Үндэсний бодлогын хорооны гишүүд маань 76 тойргоос гарч ирэх юм.

-Үндсэн дүрмийн өөрчлөл­тийн тухайд ажлын хэсэг нь ч мэдэхгүй өөрчлөлтүүд орж ирсэн гэх мэдээлэл яваад байна. Тийм өөрчлөлт орсон юм уу?

-Үндсэн дүрмийн төсөл дээр ажлын хэсгийн мэдээгүй ганц ч асуудал ороогүй. Үндсэн дүрмийн өөрчлөлтийг зургадугаар Их хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн оруулж ирснээр баталсан. Харин Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг явж байх явцад намын даргын хувьд зарим нэг асуудал дээр санал оруулсан. Мөн аймаг дүүргүүдийн хамгийн сүүлийн шатны хэлэлцүүлэг явж байхад аймаг, дүүргүүдээс орж ирсэн зарим саналуудыг нэмж туссан байгаа. Түүнээс тэнгэрээс ч юм уу, хаанаас ч юм хэн ч мэдэхгүй заалтууд орж ирээгүй. Тийм зүйл огт байхгүй.

-Энэ удаагийн Их хуралд Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Г.Батхүү гээд АН-ын лидерүүд оролцсонгүй. Гэтэл хуучин дарга М.Энхболд “Ардчилсан нам олигархи, оффшорчдоосоо саллаа” гэж хэлсэн. Үүнээс болоод эдгээр лидерүүдийг  намаас нь хөөчихсөн юм байх даа гэсэн яриа гараад байна?

-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарыг оффшорчин ч юм уу, олигархи ч юм уу Монгол Улсын шүүх, хуулийн бай­гууллагын төвшинд тогтоо­гоо­гүй. Тогтоох нь битгий хэл, хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа ч явагдаагүй. Бид нэгнийгээ үндэслэл нотол­гоо­гүй­гээр шоглож гүтгэд­гээ болих хэ­рэг­тэй. Үндсэн хуульд заасан, шүү­хээр хэнийг ч буруутай гэж тог­тоо­гоо­гүй байхад хэнийг ч буруу­тайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчмаа л барина. Ч.Сайхан­билэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй бай­гаа учраас очиж амжихгүй нь, чөлөө авахыг хүсч байна гэсэн. С.Баяр­цогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалт­гаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гар­даг шүү дээ. Манай намд зөв­хөн Сайхан­билэг, Алтанхуяг, Баяр­цогтоор тогтохгүй, үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. Нэг, хоёр хүнээр Ардчилсан намыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй. Сайд, дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дийлэнх нь өчигдрийн их хуралд ирсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.