Ч.Хүрэлбаатар: Эрдэнэтийг төр авах нь цаг үеэ олсон зөв шийдвэр биш

Ч.Хүрэлбаатар: Эрдэнэтийг төр авах нь цаг үеэ олсон зөв шийдвэр биш
УИХ-ын  Төсвийн байнгын хорооноос ажлын тайлангаа танилцууллаа. Тайлангийн хуралд Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө. Хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Ч.Хүрэлбаатар дарга “Өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороо 22 удаа хуралдаж бие даасан хоёр хууль, нэмэлт өөрчлөлт оруулах 33 хууль, УИХ-ын долоон тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
 
2017 оны төсөвт бид төсвийн хэмнэлтийн улс орон даяар бий болгох ёстой гэж үзсэн. Ерөнхийд нь аваад үзвэл бид өнгөрсөн хугацаанд олон төсвийг нэг болгож, төсвийн сахилга батыг сахиулах хатуу арга хэмжээ авч, өр нэмэгдэх бололцоог хумилаа. Мөн Засгийн газрыг орлого талдаа дайчилж ажиллах нэлээд хэдэн зарчим 2017 оны төсөвт суусан. Өөрөөр хэлбэл Таван толгой, төмөр зам зэрэг томоохон төсөл хэрэгжих ёстойг төсөвтөө суулгасан байгаа. Төсвийн хуулиар Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаарсан гэдгийг хэлмээр байна. Эдийн засгийн хямралыг давж гарахын тулд Төсвийн байнгын хороо санаачилгатай ажилласан гэж үзэж байгаа” гэв.
 
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 
 
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Та энэ асуудалд эсрэг байр суурьтай байсан байх аа?
-УИХ-аар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэс би байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Хэрвээ тухайн үеийн Засгийн газар “Үгүй” гээд хэлчихсэн бол өнөөдрийн байдалд орохгүй байсан. Тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайдад хариуцлага тооцох тухай заалт байхгүй. Хоёрдугаарт, нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө. 
 
Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд байхад Эрдэнэтийн асуудал буюу энэ их хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь цаг үеэ олсон зөв шийдвэр мөн үү үгүй юу. Олон талаас нь харах ёстой байсан. “Эрдэнэт” дээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл 2009 оны долдугаар сарын 07-ны УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал бий. 
 
Зургаан жил олон улсын Арбитрын шүүхээр энэ асуудал яваад 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ гаргах ёстой байсан, энэ байр суурь одоо ч хэвээр.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компани олон улсын Арбитрын шүүх дээр асуудал очиж магадгүй гэж Ерөнхий сайдад захидал ирүүлсэн байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Арбитрын шүүх руу очихгүй гээд байгаа шүү дээ?
-Ямар маргаан яаж үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ "Эрдэнэт" асуудлын тухайд  энэ бол эцсийн шийдвэр биш. Эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
 
-Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж яриад байгаа. Ер нь улсын төсөвт хэвийн хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх тооцоо судалгаа байгаа юу?
-2017 оны улсын төсвийг хэлэлцэж байхад Монгол Улсын эдийн засгийг 3.5 хувиар өснө гэсэн тооцоог Засгийн газар оруулж ирсэн. Тэгвэл 3.5 хувийн өсөлтийг ямар тохиолдолд гаргах вэ гэхээр Тавантолгой төсөл явагдах, төмөр замыг барих, гацууртын ордыг ашиглана зэрэг төслийг хөдөлгөнө гэж үзээд төсвөө хэлэлцүүлсэн. Тиймээс Засгийн газраас энэ мэт том төслүүдээ явуулах ёстой. Хэрвээ эдгээрээ хэрэгцүүлэхгүй бол эдийн засагт  3.5 хувийн өсөлт гарахгүй. Төсвийн орлого тэр хэрээр буурна гэсэн үг. 
 
-Төсөв өнөөдөр яг ямар байдалтай байна вэ?
-УИХ-аар 2017 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Засгийн газар Монголын эдийн засгийн өсөлтийг 3.5 хувьд хүргэнэ гэсэн. Тавантолгойн төсөл явна, Гачууртын ордыг ашиглана, Оюутолгой төслийг үргэлжлүүлнэ, төмөр замыг барина гэж 2017 оны төсвийн хуулийг батлуулсан. Хэрвээ эдгээр төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхгүй, төсвийн орлого тасарна.
 
-Төсөвт тодотгол хийгдэх үү. Хийгдэх бол хэзээ хийгдэх юм бэ?
-Засгийн газар ОУВС-тай гэрээ хэлцэл хийж байгаа. Энэхүү гэрээ хэлцэлийн үр дүн ямар байхаас хамаарах байх. Одоогийн хийсэн төсөв дээрээ тодотгол хийх шаардлагатай гэж хоёр тал тохиролцсон бол төсвийн тодотголыг хийнэ. Тохирсон зүйлээ Засгийн газар биелүүлэх ёстой. Олон улсын валютын сан ч тохиролцсон зүйлүүдээ шийдэх ёстой. Хэрэв тохиролцсон зүйлүүд дотор хуулинд өөрчлөлт оруулахаар болсон бол УИХ хуралдаж таарна. Олон улсын валютын сангийнхантай би уулзсан, тэр үед энэ долоо хоногт багтаж, хоёр тал эрмэлзэх зүйлээ олон нийтэд хандаж мэдээлнэ гэсэн. Үүнээс өөр мэдээлэл алга.
 
-Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болбол энэ оны төсвийн хуульд өөрчлөлт оруулж таарна биз. Танд тодорхой мэдээлэл байна уу?  
-Засгийн газар Олон улсын валютын сантай хэлцэл хийж байна. Тиймээс Засгийн газраас тодорхой мэдээлэл авсан нь дээр байх.
 
-Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулах асуудал дээр та эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ УИХ баталсан. Энэ нь ОУВС-тай хийж байгаа гэрээнд хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкин дээр нэлээд гашуун туршлага хуримтлуулсан. Тэгсэн хэрнээ хуулийг нь хуучнаар нь зүтгүүлээд байсан. Би юу гэж үздэг вэ гэвэл Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллаж чаддаг, Засгийн газрын баталгаагүйгээр хөрөнгөө босгож чаддаг, үйл ажиллагаа нь ил тод, улс төрийн оролцоогүйгээр бие даасан шийвэр гаргадаг банк болоосой гэдэг байр суурь илэрхийлж байсан. Миний хүсч айсан тэр хэмжээгээр хууль батлагдсан. Хуулийг батлахын өмнө Олон улсын валютын сантай уулзаж, 13 санал авсан. Тэр бүгд хуульд туссан. Анхнаасаа экспертүүдийн саналыг тусгасан байсан бол хэл амгүй батлагдаж болох байсан. Гэхдээ үр дүн гарсан.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.