АН-ын фракциудыг холбох “гүүр” нь дэд даргын суудал уу

АН-ын фракциудыг холбох “гүүр” нь дэд даргын суудал уу

2016 оны сонгуулиар санаанд оромгүй ялагдал хүлээж, “цэвэр савуул”-сан АН-ынхан шинэчлэл хийхээр багагүй ажлыг хийгээд байна. Ер нь АН-ынхан жүдогоор зүйрлэж ярьвал МАН-тай үндсэн цагт тэнцэж, “Алтан оноо”-гоор ялагчийг тодруулна гэж бодож байсан. Гэвч МАН тэднийг зүгээр л далаар нь цэвэр савчихсан. Яагаад ийм зүйл болсныг тухайн үед ялсан, ялагдсан хоёр хоёулаа ойлгоогүй байх. Тиймээс дараагийн сонгуулиар АН эн тэнцүү үзэх, болж өгвөл ялалт байгуулахын төлөө “бэлтгэл”-ээ шамдуу хийж байна.

Ямар ч байсан тэд намынхаа даргыг ҮЗХ-ны хэдхэн хүнээс биш бүх гишүүдийнхээ саналаар тодрууллаа. Энэ бол Монголын намуудын түүхэнд урьд хожид байгаагүй хандлага л даа. Намын даргаа бүх гишүүд дэмжигчдийн саналаар сонгоно гэдэг цаашид фракциудын “идэш” болохгүй л гэсэн үг. Ямар ч байсан АН-ын даргын сонгуулийн сунгаанд таван хүн оролцсоноос эцсийн дүндээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулж, ажлаа албан ёсоор аваад байгаа. Тэрбээр даргынхаа ажлыг аваад АН-ын байрыг нүүлгэж, “Шонхор” таурт оруулсан.

Угаасаа Ардчиллын өргөө барина гээд хуучин байраа нурааснаас хойш орох оронгүй шахуу явсан “АН гуай” ийн таурт залраад авав. Шинэ даргын зангараг арай өөр юм. Цаашлаад С.Эрдэнэ намын гал тогоог хариуцах Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Тувааныг томилсон. Одоохондоо бол үүрэг гүйцэтгэгч гэж явж байгаа. Удахгүй Үндэсний бодлогын хороогоор батламжлаад гүйцээ. Нэгэнт дарга томилсон хойно Үндэсний бодлогын хорооны гишүүд нь эсэргүүцээд, унагачихгүй байх. Ерөнхийдөө генсекийн асуудал нэг тийшээ болчихсон гээд ойлгочиход болно.

Одоо харин дэд даргын асуудал яах вэ гэдэг хүлээлт үүсчихээд байна. Ерөөс АН шинэчилсэн дүрмийнхээ хүрээнд дөрвөн дэд даргатай байхаар зааж өгсөн. Ийм олон дэд даргаар чухам яах гэж байгаа нь сонин байна. Намын дарга нь ерөнхийдөө зохицуулаад, генсек нь “гал тогоогоо” бариад явахад хангалттай. Өмнө нь ч тийм л байсан. Гэтэл гэнэт л шинэчилсэн дүрмээр дөрвөн дэд даргатай байхаар оруулчихлаа.

Магадгүй энэ нь фракциудаа холбох гэсэн арга ч байж болох юм. Ерөөс бүх зүйл сонирхолтой давхцаад байна. АН-ын даргын төлөө таван хүн өрсөлдсөн. Мэдээж нэг нь ялна. Гэтэл үлдсэн дөрөвт нь дэд даргын суудал өгөх гэж байгаа ч юм шиг тоо зааж өгдөг нь юу ч юм. Ер нь бол АН 4-5 фракцитай нам шүү дээ. Түүнийгээ ч ил тод зарладаг. Фракциудынхаа эрх ашгийг эн тэнцүү хангах гэж өнгөрсөн дөрвөн жилд үйлээ үзсэн. Засгийн газраа хүртэл огцруулсан. Сүүлдээ фракцийн хагарлаас болоод МАН-д далаараа цэвэр савуулчихсан ч гэж хэлж болно. Яахав, намын даргын сонгуулийн өмнө зарим нэг нь фракциа татан буулгалаа гээд л байсан.

Гэхдээ “татан буулгалаа” гээд л байхгүй болчихдог юм биш нь тодорхой. Тиймээс шинэ дарга хэдийгээр бүх гишүүдийн саналаар тодорсон ч өнөөх л фракцийнхаа “дайн”-ыг хурцдуулахгүй байх нүх сүвээ хайх нь гарцаагүй. Тэгвэл шинэчилсэн дүрмэнд дөрвөн дэд даргатай байхаар зааж өгсөн нь “гал зогсоох хэлэлцээр” аятай л юм шиг харагдаад байна. С.Эрдэнэ өөрөө “Шонхор” фракцийн хүн. Тэгэхээр энэ фракци ерөнхий удирдлагыг авчихлаа гэсэн үг.  Угаас намын даргын төлөө фракци бүрээс нэг хүн өрсөлдсөн шүү дээ, бараг. Угаасаа л хэн ялсных нь фракцид ашигтай байсан гэсэн үг. Тэгэхээр үлдсэн фракциудаа хоосон үлдээхгүйн тулд ямар нэг албан тушаал хуваарилах ёстой.

Үүнийг бодолцож, нийтээрээ тохирч, дөрвөн дэд даргатай байхаар болсон биз. Энэ нь ч зөв л дөө. Дарга, дэд дарга нартайгаа суугаад л ярилцахад намын бүх асуудлыг фракци бүрийг төлөөлөлтэйгээр шийдчихэж болно.  Одоо харин хэн намын дэд дарга болох вэ гэдэг асуудал байна. Одоогийн байдлаар З.Нарантуяа гишүүн намын дэд даргад нэрээ дэвшүүлэхээр мэдэгдээд байгаа юм билээ. Намынхан нь ч дөрвөн дэд даргын суудлын нэгд нь түүнийг суух нь зөв хэмээн үзэж, дэмжиж байгаа сурагтай.

Учир нь  намын дэд даргыг УИХ-ын гишүүн хаших нь бүлгээрээ дамжуулж, УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлогоо хууль, тогтоомжид тусгуулах боломжтой гэж үзжээ. Нөгөө талаар Ц.Нарантуяа гишүүнийг “Шонхор” фракцийн угшилтай хүн. Намын удирдлагыг С.Эрдэнийн хүмүүс эзэгнэх нь гэх маягаар дургүйцэх хэсэг ч байгаа бололтой. Дээрээс нь УИХ-ын гишүүн биш ямар нэгэн албан тушаалд очоогүй хүнийг дэд дарга болгосон нь дээр гэх ч хувилбар яваад байгаа сураг ч байна. Одоогоор бол З.Нарантуяа гишүүн л дэд даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэнээс өөрөөр мэдэгдсэн нэр алга.

Гэхдээ Боловсролын сайд асан Л.Гантөмөр дөрвөн дэд даргын нэг нь болох нь баталгаатай гэсэн албан бус мэдээлэл байна. Ерөнхийдөө намын даргад өрсөлдсөн таван хүнээс С.Эрдэнэ гишүүн ялалт байгуулсан. Д.Эрдэнэбат ги­шүүн УИХ дахь АН-ын бүлгийн дар­га болсон. Ж.Батзандан ги­шүү­нийг Бүлгийн дарга бо­лох нь гэсэн мэдээлэл нэг хэ­сэг явсан ч үгүй гэдэг нь бат­лагд­сан.

Мань эр арай ч намын дэд дарга болохгүй байх. Ерөн­хий­дөө бас С.Эрдэнэтэй нэг чиг­лэлийн л хүн. Тийм болохоор фракциудынхаа тэнцвэрийг хадгална гэвэл арай өөр хүмүүс орж ирэх байх.  Ер нь бол МҮДН фракциас Д.Эрдэнэбат бүлгийн дарга болсон болохоор дэд даргаар нэг их оролдоод байхгүй байх. Дээрээс нь Р.Амаржаргал   Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбийц байгаа. Харин “Алтан гадас”-аас хэн орж ирэх нь вэ гэдэг сонин. Тэдэнд нэг дэд даргын суудалд оногдох байх.

Гэхдээ Н.Алтанхуяг намын даргад өрсөлдсөн хүн дэд дарга болохгүй болов уу.  Ямар ч байсан тэд нэг хүнээ оруулах нь ойлгомжтой. МоАХ фракциас ч бас нэг төлөөлөл орж ирэх нь тодорхой. Ер нь бүгд ингэж эвлэлдэн нэгдэж, бодлогоо зангидаж, хэдэн тийшээ харж гэдийхгүйгээр ажиллах нь зөв л дөө. Ямар ч байсан АН даргаа сонгочихлоо, Ерөнхий нарийн бичгийн дарга нь тодорхой боллоо. Байрныхаа асуудлыг ч хэсэгтээ шийдчихлээ. Одоо дэд дарга нараа хурдхан томилоод, фракиудынхаа эрх ашгийг бушуухан тэнцвэржүүлээд, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгэх л үлдээд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.