Д.Оюунхорол: Агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар бууруулна

Д.Оюунхорол: Агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар бууруулна
Засгийн газрын хуралдаанаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлаад байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албыаны хүмүүс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Нийслэлийн гэр хорооллын 220 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй байгаа нь ус, хөрсний бохирдлын эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.
 
Ийм Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу БОАЖЯ-ны ажлын хэсэг, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, Засгийн газраар батлууллаа. Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах зэрэг 60 арга хэмжээг 2017-2025 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог дэмжихийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах чиглэлд тодорхой ажил хэрэгжүүлэх болно.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн байгууламжийн чанар, хүртээмж сайжирч, агаар, орныг бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар бууруулна. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглож, агаар, орны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулах юм” гэлээ.
 
Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт байгуулах аж. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах тухай хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Түүнчлэн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулжээ.  Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг буу­руу­лах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх зориу­лалт­тай тоног төхөөрөмжид тат­ва­­­рын хөнгөлөлт үзүүлэх юм байна. 
 
Уг хөтөлбөрийг хэрэгжүү­лэхэд улсын төсөв, агаарын бохирдол, ус бохирдуулсны төлбөрийн орлого, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл тусламж зэргээс нийт 9.9 их наяд төгрөг зарцуулах аж. Тухайлбал, 201 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 их их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаас, 7.5 их няд төгрөгийг дотоод гадаадын хөрөнгө оруулалтаас, 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлээс, 63 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөсөн байна. Үүнээс нүүрнээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулахад таван их наяд төгрөг, Архангай, Баянхонгор, Говь-алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгийн төвд дулааны станц барихад 325 тэрбум төгрөг, Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн парк байгуулахад 272 тэрбум төгрөг зарцуулах аж. Түүнчлэн Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих, гурван хогийн цэгт хог дахин боловсруулах, устгах үйлдвэр байгуулах юм.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
 
-Агаар, орныг бохир­дуу­лагч эх үүсвэрийг 80 хувиар бууруулна гэлээ. Тэгвэл түүхий нүүрсний хэрэглээний оронд иргэдэд ямар шийдэл санал болгох юм вэ?
Д.Оюунхорол: Түүхий нүүрсний хэрэглээг бууруулах чиглэлээр үе шаттай ажил хийж байгаа. Эхний ээлжинд эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн. Түүнчлэн Банкнуудын холбоо, Ногоон зээлийн сантай хамтран орлого багатай өрхүүдэд цахилгаан халаагчийг зээлээр олгоно. Орлогогүй, нэн дуу өрхүүдэд үнэ төлбөргүй олгох асуудлыг шийдвэрлэнэ. Үүнийг нийтийн эрх ашгийн төлөө, төрийн зохицуулалтаас зайлшгүй хийх юм.  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийслэлийн есөн дүүрэгт 21 автомашинтай шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүнгээр их хэмжээний нүүрс хэрэглэдэг нам даралтын зуухууд агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж байгааг тогтоосон. Тиймээс нам даралтын зуухуудыг төвийн нэгдсэн халаалтын сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн.
 
Ж.Батбаясгалан: Нийс­лэ­лийн Засаг дарга агаарын бохирдолтой тэмцэх гурван төрлийн захирамж гаргасан. Нэгдүгээрт, орон нутгаас Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар нийслэлд сая 400 мянга хүн албан ёсны бүртгэлтэй байна. Хоёрдугаарт, суурьшлын бүсийг хязгаарлалтыг тогтоосон.
 
Гэр хорооллын иргэдийн ахуйн хэрэглээний зуух агаарын бохирдолд хамгийн их нөлөөлдөг. Тиймээс Дэлхийн банкаар ахуйн хэрэглээний зуухны стандартыг боловсруулуулсан. Энэ стандарт ирэх сарын 01-нээс хэрэгжинэ. Тиймээс гэр хорооллын өрхүүдийг Дэлхийн банкны стандартад нийцсэн зуухаар солих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тараасан зуух Монгол Улсын ахуйн хэрэгцээнд тохирохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэр халаах зориулалттай. Хоол хийх боломжгүй. Тиймээс уг зуухыг Дэлхийн банкны стандартын дагуу ширэмийг нь солиулах зэрэг арга хэмжээг явуулна. Зуухыг төсвийн мөнгөөр тараахгүй. Харин иргэдийн эдийн засгийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүйгээр зохицуулах буюу зээлээр олгох талаар Банкуудын холбоотой хамтран ажиллана.
 
-Стандартын шаардлага хангасан зуухыг хаана үйлд­вэрлэх вэ. Хэдэн төг­рөгийн үнэ өртөгтэй байх вэ?
Ж.Батбаясгалан: Нийс­лэлийн гэр хороололд 210 мянга гаруй өрх байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 220 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж, 176 мянган зуух тараасан. Гэр хорооллын 20-30 хувь нь л дээрх зуухыг хэрэглэж байна. Өнгөрсөн Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг чөлөөлснөөр сайжруулсан зуух, түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсон. Одоо бид дотоодод аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ.
 
Энэ чиглэлээр дотоодын зуух үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүх аж ахуйн нэгжүүдтэй уулзаж байгаа. Зуухны үнийг бид тогтохгүй. Зах зээлийн зарчмаар л явна. Стандартын шаарлдага хангасан зуухны тухай мэдээллийн төвийг иргэд Нийслэлийн дөрвөн цэгээс авч болно. Эдгээр цэгийг ойрын хугацаанд Драгон төв, Зургаан буудал, Сансарын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төвд байгуулах юм. Түүнчлэн зуух худалдан авахад аль банкнаас ямар нөхцөлтэй зээл авах тухай мэдээллийг ч авч болно.
 
-Өмнө нь худалдан авсан Хас, Дөл зэрэг зуухтай иргэд дахиад зуухаа солих уу?
Д.Оюунхорол: Шууд тэгж ойлгож бас болохгүй. Дээрх зуухны ширэм жижиг тул хоол хийж болдоггүй. Тиймээс стандартын шаардлага хангасан зуух худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.