О.Магнай: МАН-ын Удирдах зөвлөл ОУВС-ийн хөтөлбөрт орох эсэхтээ эргэлзэж байна

О.Магнай: МАН-ын Удирдах зөвлөл ОУВС-ийн хөтөлбөрт орох эсэхтээ эргэлзэж байна
Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга О.Магнай, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Нарийн бичгийн дарга О.Магнай “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 20-ны өдөр Засгийн газрын яам, агентлагийн албаны хүмүүстэй уулзахдаа хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Ардчилсан нам өр тавьдаг, Монгол Ардын нам өр барагдуулдаг гэж ойлгогдохоор, үнэнийг хэтэрхий гуйвуулсан, хэт улс төржсөн мэдэгдэл хийсэнд Ардчилсан намын зүгээс харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт төлж дууссан бондын төлбөр бол 2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын Ерөнхий сайд Сү.Батболдын гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бонд гаргаж төлсөн. Евро бондын хувьд 5.75 хувийн хүүтэй байсан, сая гаргасан Хуралдай бонд нь 8.75 хувийн хүүтэй. Өрийг өрөөр дарсан. Хүүний зөрүүнээс 358 сая ам.долларын хохирол учирч байна. 
 
Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодитой шийдэл нэгийг ч гаргасангүй. Энэ бүхнийгээ субботник хийлээ гэж дүгнэсэн байна. Ерөнхий сайдыг субботник хийлгэх гэж сонгодоггүй, бодлого боловсруулж, шийдвэр гарга, эдийн засгийн өсөлтийг дэмж гэж гаргадаг” гэлээ. Мөн тэрбээр “АН-ын үед Чингис бондыг салхинд хийсгэсэн  гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. 2012-2016 оны үед хамтарсан засаг барьж байсан. 
 
Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн ханшаас 2-5 дахин унасан байсан. Энэ үед Ардчилсан нам тухайн үеийн МАН-ын халамжийн зорилгоор Оюутолгой, Чалько зэрэг компаниас зээлсэн нийт төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан. Чингис бондоос гаргасан 1.5 тэрбум ам.долларын хувьд 21 аймгийг авто замаар холбох төсөл хэрэгжсэн. ТЭЦ 3, 4-ийг өргөтгөсөн, 80 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. 
...“Ерөнхий сайд асан С.Баярыг Элчин сайдаар томилогдсоныг эсэргүүцэж, Лондонд жагсаал хийж байгаа. Үүнийг Ардчиллын соёлд суралцсан шинэ үе бий болж байна гэж үзэж байгааг нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбогдуулан ямар нэгэн дарамт учруулсан, дипломат албан тушаалтныг эргүүлж татах хүртэл арга хэмжээ авахын төлөө АН ажиллана” гэлээ...
Цаашид МАН энэ мэт худал мэдээлэл хийж,  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхээ зогсоох хэрэгтэй. Эдийн засаг байдал сайнгүй байгаа энэ үед МАН 2016 оны сонгуульд иргэддээ амалсан амлалтаа биелүүлж, өрийг өрөөр дарах биш, эдийн засгийн өсөлтөө хангаж өр, зээлээ дарах ёстой” гэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Зүүн хойд Ази болон манай бүс нутгаар айлчлал хийсэн. Токио, Бээжин, Сөүл гээд гурван газар буусан.
 
Харамсалтай нь Улаанбаатарт буусангүй. Энэ бол Гадаад харилцааны яамны санаачилга муу байгаагийн шинж. Гурав дахь хөршийн бодлогоо хойгуур тавьснаас АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатарт ирсэнгүй. Цаашид Гадаад харилцааны яамныхан идэвхитэй ажиллах ёстой гэж АН-ынхан үзэж байгаа гэдгийг энэ үеэр онцолсон. Түүнчлэн “Ерөнхий сайд асан С.Баярыг Элчин сайдаар томилогдсоныг эсэргүүцэж, Лондонд жагсаал хийж байгаа. Үүнийг Ардчиллын соёлд суралцсан шинэ үе бий болж байна гэж үзэж байгааг нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбогдуулан ямар нэгэн дарамт учруулсан, дипломат албан тушаалтныг эргүүлж татах хүртэл арга хэмжээ авахын төлөө АН ажиллана” гэлээ.
 
Харин Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд энэ мэдээллийг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Ховдод хурдан морины уралдаан болж хүүхдийн амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаас ухралт хийгээд байна. Өнгөрсөн дөрвөн жилд унаач хүүхдүүдийн асуудал дээр маш том алхам хийсэн. Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн хуультай боллоо. Энэ хуульд аливаа нэг тэмцээн уралдааныг нэр заадаггүй, нийтэд нь тусгах шаардлагатай байдаг.
 
Үүнд, 6.3.4-т хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц, үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахыг хориглосон байдаг. Энэ хууль одоо мөрдөгдөж байгаа. 9.1-д хүүхдийн амь насанд аюул учруулахуйц, уралдаан тэмцээн явуулах юм бол урьдчилан сэргийлэх бүх үүргийг зохион байгуулагчид авч хэрэгжүүлнэ. Зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт орсон. Мөн Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 дугаар тушаалаар арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг тэмцээн уралдаанд оруулахгүй байх шийдвэр гарсан байгаа.
 
Гэтэл үүнийг зөрчиж Засгийн газар тогтоол гаргасан. Шүүхээс үүнийг түдгэлзүүлсэн ч уралдаанууд зохиогдсоор байна. Буруутай этгээдүүд хамгийн түрүүнд ёсзүйн хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ” хэмээв.
 
 
Хэвлэлийн хурлын төгсгөлд АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай сэтгүүлчдийн асуултад хариулав.  
 
-Та шинэ бондыг өндөр хүүтэй босголоо гэлээ. Гэхдээ Монгол Улсын зээлжих зэрэглэлээ буурчихсан, өр нь хэт өндөр байгаа үед энэ зэргийн хүүтэй бонд босгосон нь дампуурлаа зарлахаас сэргийлж чадсан юм биш үү?
-Монгол Улсын зээлжих зэрэглэл яагаад буурсан бэ гэхээр Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайд хоёр хариуцлагагүй мэдэгдэл хийж байж хоёр шатаар буулгасан. Дотоодын улс төрөө гадагш нь цацсанаас болж гарсан МАН-ын алдаатай мэдэгдлийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй.
 
-ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор татваруудыг нэмэх асуудал яригдаж байгаа. Татвар нэмэхгүйгээр орлого бий болгож болох уу?
-Ардчилсан намын хувьд ажиглаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан Нью-Иоркт болох ёстой. Түүнээс өмнө Монгол Улс хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж эхний ээлжинд тохирсон. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулган хуралдалгүй өнөөдрийг хүргэсэн. МАН-ын Удирдах зөвлөл миний ойлгосноор хөтөлбөрт орох эсэх нь эргэлзээтэй мэдээллүүд сонсогдож байна. Юу ч гэсэн дөрөвдүгээр сарын 10-н болог, тэрний дараа Ардчилсан нам байр сууриа илэрхийлнэ.
 
-Гадаад харилцааны яам ажиллахгүй байна гэдэг асуудлыг хөндлөө. Энэ юуг хэлээд байна вэ?
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Зүүн хойд Ази болон манай бүс нутгаар айлчлал хийсэн. Токио, Бээжин, Сөүл хотод тус бүр ажилласан. Харамсалтай нь, Улаанбаатар хотод ирсэнгүй. Энэ бол Гадаад харилцааны яам санаачлага муу байгаагийн илэрхийлэл биш гэж үү. Гурав дахь хөршийн бодлогыг хойш тавьснаас, АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатарт ирсэнгүй. Цаашид Гадаад харилцааны яамныхан идэвхитэй ажиллах ёстой гэж Ардчилсан намынхан үзэж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.