Ким Бү Соб: Солонгосын эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн

 Ким Бү Соб: Солонгосын эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн

БНСУ-ын Жүнг-Анг их сургуулийн харьяа Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Ким Бү Собтой ярилцлаа.

-Монгол Улстай хэрхэн холбогдсон тухайгаар яриагаа эхэлье?

-Солонгосын “Хьюндай” эмнэлэг нь гэмтлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлгийн хувьд 1998 оноос Солонгос улсад хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн. Удалгүй солонгосын эмнэлгийн систем хөгжиж, хүмүүнлэгийн ажил хийх шаардлагагүй болсон. Тиймээс гаднын улсуудад хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэх болсон. Энэ хүрээнд 2009 оноос Монголд “Хайрыг түгээе” уриатайгаар хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлсэн. Ингэхдээ бид Сайншанд суманд анх очиж байсан. Очоод маш их гайхсан. Тухайлбал, төрөлхийн түнхний мултралтай маш олон хүүхэд байсан.

Түүнээс хойш жил бүр ГССҮТ-ийн эмч нартай хамтарч хөдөө орон нутаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст үйлчилгээ үзүүлэх болсон. Ингэхдээ есөн аймгийг сонгож иргэдэд нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй 10 мянга гаруй үзлэг, оношилгоо, 700 гаруй мэс засал хийсэн байна. Цаашид хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.Энэ үед монголчуудад ихэвчлэн доод мөчдийн төрөлхийн согог, хугарал гэмтэл их байгааг анзаарахдаа тусламж үйлчилгээ үзүүлэх чанартай эмнэлэг байгуулъя хэмээн бодсон.

-2015 онд эмнэлгээ нээж, удалгүй үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Үйл ажиллагаа зогсох болсон шалтгаан юу вэ? 

-Тийм ээ. 2015 онд эмнэлгээ нээж байсан ч жилийн дараа хаалгаа барьсан. Учир нь хамтрагчтайгаа таарамжгүй харилцаатай болсон. Энэ асуудал шүүхээр явж, асуудал шийдэгдсэн. Асуудалд шударгаар хандаж, шийдэж өгсөнд баяртай байгаа. Тиймээс 2024 оноос дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ удаа хоёр улсын эмнэлгийн стандарт, хэв журам өөр байсан нь хүндрэлтэй байсан. Мөн тоног төхөөрөмж оруулж ирэх бас хэцүү байлаа. Гэхдээ энэ бүгдийг даван туулаад явж байна.

-БНСУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа  “Хьюндай” эмнэлгийн салбар Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна. Танай эмнэлэг түнх болон өвдөгний үений эмчилгээнээс өөр ямар үйлчилгээнүүд үзүүлж байна?

-Бид гэмтэл согог, ерөнхий мэс засал, дотор зүрх судас, мэдрэл, хүүхдийн үзлэг, чих хамар хоолой, нүд судлал, нүүр амны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн дүрс оношилгоо, лаборатори, зүрхний эхо, хөдөлгөөн засал зэргийг хийж байгаа. Монголчууд үе солиулах хагалгааг хийлгэхээр өндөр хөгжилтэй орныг зорих нь түгээмэл. Тиймээс Солонгосын чанартай үйлчилгээг хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн.

-Танайх хэчнээн ажилтантай вэ. Хэд нь Монгол ажилтан байна вэ?

-Сайхан асуулт байна. Бид үйлчилгээ үзүүлэхээс гадна Монголд ажлын байр нэмэгдүүлсэн гэж боддог. Нийт 50 орчим ажилтантай бөгөөд түүний долоо нь солонгос, үлдсэн нь монгол эмч нар байдаг. Тэдний хувьд олон жилийн дадлага туршлагатай нарийн мэргэжлийн доктор, профессор зэрэгтэй мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн.

-Та хэдэн онд эмчээр төгсөж байв. Өөрийн ажлын туршлагаас хуваалцахгүй юу?

-Би 1987 онд гэмтэл согогийн эмчээр төгссөн. Энэ хугацаанд 25 мянга орчим хүнд хагалгаа хийсэн. Залуу байхдаа сард 100 хүнд хагалгаа хийдэг байлаа. Жил ирэх тусам ажлын бүтээмж муудаж байна. Одоо бол сард 60 орчим хүнд хагалгаа хийж байна.

 -Монголчууд өвдөгний үений өвчлөлөөр их өвддөг. Энэ юунаас болж байна вэ?

-Монголчууд жин ихтэй байгаа нь өвдөгний үений өвчлөлөөр өвдөх шалтгаан болж байна. Дэлхийн нийт хүн амтай харьцуулахад даруй 10 кг-аар илүү байна. Тиймээс биеийн жингээ хасах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн биедээ таарсан тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Тиймээс биеийн тамир хийх талбайг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж хардаг. Хэрэв танд өвдгөнд тань ямар нэгэн зовуурь илрэх юм бол эмчид хандах хэрэгтэй. Монголчуудыг анзаарвал өвчлөлөө хүнд шатанд нь орохоор ирдэг. Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй.

-Гурван зөвлөгөө өгөөч гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхдийн түнхний мултралыг эрт илрүүлэх хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд бага сартай байхдаа хөл, гараа өргөж чадахгүй, хөдөлгөөн хийхгүй байвал эмчид хандаарай.  Мөн өвдөгний үений үрэвслийг бууруулахын тулд тохирсон дасгал хөдөлгөөн хийж, биеийн жингээ бууруулаарай. Ямар нэгэн аваар ослоос болж бэртэл авсан бол оношоо зөв тогтоолгож, цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөмөөр байна.

-Анагаахын шинжлэх ухааны сургуулийн 10 оюутанд та тэтгэлэг гардуулсан. Яагаад тэтгэлэг өгье гэж бодсон бэ. Та өөрөө оюутан байхдаа тэтгэлэг авдаг байсан уу?

-Би зургаан жил сурахдаа дөрвөн жилд нь тэтгэлгээр сурсан. Ажил дээр гарч, мөнгөтэй болвол оюутнуудад тэтгэлэг олгоно гэж боддог байсан. Бодлоо бодит болгож 20 гаруй жилийн өмнөөс тэтгэлэг олгож эхэлсэн. Харин Монгол Улсад энэ жилээс тэтгэлэг олгож эхэлж байна. Энэ нь Монгол Улсын эмнэлгийн салбарт оруулж буй багахан хөрөнгө оруулалт гэж боддог. Тиймээс цаашид жил бүрийн ашгаасаа оюутнуудад тэтгэлэг олгоно. Мөн манай эмнэлэгт дадлага хийх үүд хаалга байнга нээлттэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.