Нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэхдээ иргэдэд соёлтой, тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж автобуснуудыг ч үе шаттай шинэчлэх санаачилсан Хотын дарга Х.Нямбаатар өөрийн үзэл бодлоо нийтэлжээ.
Тэрбээр "Харамсалтай нь, бидний төлөвлөсөн үр дүн хараахан гарахгүй л байна. Наад зах нь орлого нь өдрөөс өдөрт буурч байна. Уг нь баазууд ашигтай ажиллаж, тэр хэмжээгээрээ өөрсдөө орлогоо захиран зарцуулах учиртай. Ингэж байж дан ганц жолооч гэлтгүй инженер, техникийн ажилтнуудын цалинг жигдрүүлнэ.
Ер нь хамгийн өндөр зэрэгтэй гагнуурчин, инженер 1 сая гаруй төгрөгийн цалин авч байхад автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авдаг, түүнийг хувьдаа завшдаг, эцсийн зогсоолд очиж ажлын цагийг цалгардуулдаг гээд зөрчил дутагдал олон гаргаж байна.
Автобус баазуудын дарга нар хулгай хийж байгаа автобусны жолооч нарыг ажлаас нь хал. Яагаад өршөөгөөд байгаа юм. Камер тавьж мэдчихээд юу ч болоогүй юм шиг байгаа юм.
Тиймээс цаашид санхүүгийн тогтолцоог бүрэн өөрчилж, үр дүнд суурилсан KPI үзүүлэлтээр үр дүнг нь хэмжинэ. Мөн хүний нөөц бүрдүүлэлтэд анхаарч, чадварлаг залуусаар баг бүрдүүлнэ" гэжээ.