УИХ-ын чуулган өчигдөр шөнө дөл болтол хуралдаж 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах боломж бүрдлээ. Мөн Валютын сантай хийсэн тохиролцооны дагуу хэд хэдэн татварыг нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг бууруулахаар тооцсон билээ. Тэгвэл зарим татварын нэмэгдэл 10 гаруйхан хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэж байна.
Тухайлбал, Хувь хүний онцгой албан татвар буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс таван хувийн татвар авах хуулийн төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Энэхүү хуулийн хүрээнд хөдөлмөр эрхэлж буй 900 мянган иргэний дөнгөж таван хувь нь л хамрагдана гэдгийг МАН-ын бүлгийн ажлын албаны ахлагч Н.Энхтайван ярьсан билээ.
Түүнчлэн, 100 саяас дээш төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хуулийн төсөл мөн л тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татвар мөн ирэх сараас хэрэгжих бол иргэдийн дунд хамгийн их маргаан дагуулсан хос тэжээлт буюу приус машины татварыг 50 хувь чөлөөлөх хууль ч албан ёсоор хэрэгжих учиртай.
Одоо приус машины татварыг төрөөс 100 хувь чөлөөлж байгаа бөгөөд хөнгөлөлтийг бууруулснаар приус машины үнэ хамгийн багадаа 3.5 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч бүх төрлийн машины татвар нэмэгдэх аж. Тавдугаар сараас мөн хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн 40 хувьд олгох бөгөөд заримд нь хүнсний талон өгөхөөр болоод байгаа юм.
Б.Тогтох
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.