Шадар сайдыг тагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх нь

Шадар сайдыг тагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх нь

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх учиртай УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнө 10.00 цагт зарлагдсан байсан ч хуралдаан 12.00 цагт эхэлсэн юм. Тэгвэл хуралдаан эхэлсэн даруйд  МАН-ын бүлгээс Шадар сайдыг Ерөнхий сайд тагнаж чагнасан гэх асуудлаар УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороо хуралдаж асуудлаа дотооддоо хэлэлцэх ёстой гэж үзээд завсарлага хүслээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өнөөдөр үүссэн нөхцөл байдал бол маш асуудалтай байгаа. Намайг журмын нөхрөө тагнаж чагнасан гэх асуудал байгаа. Өнөөдөр ямар ч шийдвэр гарлаа гээд би хүлээж авна. Гэхдээ би журмын нөхрөө тагнаж чагнасан асуудал байхгүй. Тиймээс энэ асуудлын үнэн мөнийг олж өгөөрэй” гэв.

Харин, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж үзэх ёстой байх. Дэд хороогоор хэлэлцэх ёстой гэдгийг дэмжиж байгаа.

Тагнасан чагнасан асуудлаар би тодорхой байр сууриа илэрхийлсэн. Хэн нь буруутай вэ гэдэг нь тодорхойгүй. Нэг нь болохоор дээрээс үүрэг өгсөн намайг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн. Гэтэл нөгөө талд Ерөнхий сайд нь намынхаа гишүүнийг хууль хяналтынханд чиглэл өгөөд тагнуулж байна гэх ойлголт байна. Энэ буруу ойлголтыг арилгахын тулд хэлэлцэх ёстой.

Ерөнхий сайд үнэн зөвөө олох ёстой. Бид ямар нэг байдлаар хэргийн материалтай танилцах гээгүй. Тусгай дэд хороогоор хэлэлцээд дараа нь шийдвэрээ гаргамаар байна. Энэ хоёр хүний хэн нь буруутайг мэдмээр байна. Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүртэл завсарлага авмаар байна” хэмээлээ. Харин УИХ-ын дарга энэ асуудлаар МАН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өглөө. Хуралдаан 16.00 цагаас эргэн хуралдах нь ээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.