Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сүүлийн үед утааны асуудал ард түмний эрүүл мэндийн асуудалд аюул заналхийлж байгаа нь үнэн. Тэгвэл утааг тодорхой хувиар бууруулахад ямар арга хэмжээ авах талаар Ажлын хэсгийнхэн болоод гишүүд байр сууриа илэрхийллээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нэг хэсэг зорилтод бүлгийнхэнд утаагүй зуух тараана гэдгээ мэдэгдсэн байгаа. Гэвч түүнийг зуух шахах компанитай лоббидож байна гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл энэ хуулийн төслийн тухайд хэн юу хэлэв.

Байнгын хорооны гишүүдтэй холбоотой гишүүдээс асууж байна.

О.Баасанхүү: Зуух тараахаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Агаарын бохирдлыг бууруулна гэж яриад байгаа. Тэгвэл энэ хууль батлагдсанаар хэдэн он гэхэд утаа арилах вэ. Үнэндээ агаарын юм яриад байна уу, бодитой юм яриад байна уу. Өмнө нь өчнөөн утаагүй зуух тараасан. Гэтэл дахиад монгол технологитой зуух тараана гэж яриад эхэлсэн. Хэчнээн хүн ямар зуух тараах гээд байгаа юм. Тийм учраас зуух тараахаа болимоор байна. Арай өөр түвшинд хандмаар байна. Утааны асуудлаас болж олон аав ээжүүд үр хүүхдийнхээ төлөө нэгдэж жагсах гэж байгааг мэдсэн үү. Ураг нь өсөлтгүй болж цэвэрлүүлээд явж байгаа нь харамсалтай. Утаатай үед хүүхэдтэй болж байгаа хүмүүс эрсдэлтэй байна. Бид өөрсдөдөө зориулж хууль батлаад байгаа юм шиг яваад байдаг, тэгвэл жирэмсэн эхчүүдэд зориулсан заалт байгаа юу. Утааны гамшиг аюулын хэмжээнд хүрсэнийг мэдэж байна уу. Утаагаар дамжуулж ашиг хонжоо хайгаад байгаа юм биш үү. Хэдэн төгрөгөөр тэр зуухыг аваад хэдэн төгрөгөөр зарж ашиг хэдийг унагах гээд байгаа” гэлээ.

Н.Цэрэнбат: Утааг гаргаж байгаа гол түүхий нүүрсийг хориглоно

Н.Цэрэнбат “Өмнөх болоод өнгөрсөн асуудлуудыг одоо хийж хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнүүдийг хольж хутгаж болохгүй ээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг баталсан учраас улстөржөөгүй салбарын яамууд нь ажлаа хийгээд явж байсан. Одоо сүүлийн үед өмнөх мөнгийг тойруулаад улстөржилт хийдэг болов. Үнэндээ утааг тойруулж улстөр хийгээд байна. Утааг гаргаж байгаа гол түүхий нүүрсийг хориглоно. Түүнчлэн сан байгуулахаар Цэвэр агаар сангийнхан шиг идэж уучихна гэж бодоод байх шиг. Бид тооцоо судалгаатай хийж байгаа болохоор тийм зүйл болохгүй. Олон хүн хошуу нэмж байна. бидэнд хуруу нэмдэг хүн хэрэгтэй шүү.  Мөн газын асуудал дээр судалгаа хийж байгаа. Гаднаас импортолж оруулж ирэхээр мөнгө гадагшаа урсана. Тиймээс  үе шаттай асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.

Д.Сарангэрэл: Монголыг Сири улс шиг болгож болохгүй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сүүлийн үед Монголынхоо төрийг нураахаар оролдож эхэлсэн нь үнэхээр харамсалтай. Утаа униар, татвар, эдийн засгийн хүндрэл нь Монгол Улсыг Сир улс шиг болгож болохгүй. Утааны үндсэн суурь бол түүхий нүүрс. Олон арга хэлбэрийг хослуулж байж утаанаас арилна. Түүхий нүүрсийг орлуулах шахмал түлшийг шийдвэрлэх нь зөв. Утаанаас болж хүний эрүүл мэндэд аюул учруулж байгаа нь үнэн. Эхчүүд 90 граммаар дутуу хүүхэд төрүүлж байна. Утаанаас болж уушгины хавдар, ханиад томууны хүндрэл гарсаар байна” гэв.

А.Сүхбат: 220 тэрбум төгрөгийг агаарт цацаагүй, ажил болгосон юм шүү

“Утааны асуудлыг олон жил ярьж байна. Өнөөдрийн байдлаар 220 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнгийн асуудлыг ярьсаар. Уг нь энэ мөнгийг ажил болгосон юм. Зүгээр нэг агаарт цацсан зүйл биш. Төслийн зуухыг би ч хэрэглэдэг. Дулаанаа удаан барьдаг, түлшний хэмнэлттэй гээд үр дүнтэй. Харин алдааны тухайд энэ зууханд зориулалтынх түлшийг нь түлээгүйд учир бий. Төслийн зуух түүхий нүүрс түлэх зуух биш юм билээ. Тэгэхээр цаашид олон ажлыг зөв хийж үр дүнд хүрнэ гэж бодож байгаа шүү” гэсэн юм.

О.Онон

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.