Хүлээж, найдаад ч хэрэггүй гэж үү

Хүлээж, найдаад ч хэрэггүй гэж үү

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Аравдугаар сарын 2-ноос хойш 4 сар гаран чуулсан УИХ-ын чуулганаас төдийлөн сайн үр дүн гарсангүй гэх дүгнэлтийг олон нийт өгөөд байгаа юм. Наанадаж л гишүүдийн ирц ч хангалтгүй байсныг хэлж байгаа юм. Чуулганы хуралдаан эхлэх бүрт ирцийн мэдээллийг танилцуулдаг. Хуралдаан эхлэх цагаасаа 20-30 минутын дараа эхэлдэг ч дөнгөж 50 гаруйхан хувийн ирцтэй байсныг үзэгч, сонсогч, уншигчид маань анзаарсан биз ээ. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Угтаа ард түмнийхээ өмнө хариуцлага үүрч, эх орныхоо төлөө зүтгэхийн төлөө гоё сайхан амлалтууд өгч ард түмний итгэлийг тээж энэ танхимд суух эрхтэй болсон хүмүүс. Гэвч тэд УИХ-ын сонгуульд сонгогдсоныхоо дараа энэ бүх үүргээ мартчихсан уу, эсвэл шөл өөр зорилготойгоор УИХ-д нэр дэвшсэн үү гэдэг эргэлзээ төрүүлэхэд хүрээд байна.

20 гаруй удаа хуралдсан намрын чуулганд нэг ч удаа суугаагүй эрхэм байхад, суусан хэрнээ огт үг дуугардаггүй идэвхгүй нэгэн ч бий. Олон удаагийн хуралд гадаадад байсан баян гишүүн байхад, байнгын шахуу эмнэлгийн акттай байсан өвчлөмтгий гишүүн ч энэ парламентад байсныг гишүүдийн ирцийн мэдээллээс харж болно. Парламентын гишүүдэд дархан эрх байдаг ч сонгогчдоо, ард түмнээ арай ч ингэж дорд үзэж боломгүй санагдах юм. Гэхдээ тэд юу бодож байгааг бид таашгүй.

Мөн ёсзүйгүй гишүүд олон байсныг нуух юун. Намрын чуулган эхлэхэд л Д.Гантулга гишүүний ёсзүйгүй үйлдэл чуулганы дундуур ч “сүүл” дагуулсан. Садар самуунтай холбоотой асуудал нь төрийн хүнд, тэр дундаа УИХ-ын гишүүн хүнд байж боломгүй ёсзүйн зөрчил гэдгийг гишүүд өөрсдөө хууль баталдаг дээд байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд эрхгүй сайн мэдэх биз ээ.

Түүгээр зогсохгүй телевизийн эфирээр шууд цацагдаж байгааг мэдсээр байж чуулганы танхимдаа, олон нийтийн өмнө шуудайнд хийсэн эвэр шиг хангир янгир хэмээн хаврилдах нь муухай гэж.

 Тэд намрын чуулганы нээлтийн үеэр нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ихэнхийг баталсан гэх боловч бүгдийг нь биш. Хэрэлдэж хэрэлдэж, идсэн ууснаа дуудалцаж дуудалцчихаад дорвитойхон шийдэл, үр дүнд хүрдэггүйн жишээ нь Агаарын бохирдлыг бууруулах асуудал байлаа. Энэ удаагийн чуулганаар хамгийн олон удаагийн хуралдаан дамжин хэлэлцэгдсэн нь яахын аргагүй энэ асуудал. Гэвч тэд олон өдөр дамжин биенээ хэмлэлдсэн ч дорвитой шийдэлд хүрээгүй. Өнөөх л нүүрс, зуух пийшин, агаар цэвэршүүлэгч гэсэн өнөө маргаашаа аргацаасан жижиг зүйл дээрээ тогтсон. Уг нь үр дүн нь аажимдаа байж болох ч алсыг харсан шийдвэр ард түмэнд үгүйлэгдэж байсныг хэлчихье.

Ийнхүү ард түмний итгэлийг тээж энэ парламентад орж ирчихээд тэдний хүлээлтэд нийцсэн шийдвэрийг УИХ-ын гишүүд маань гаргаж чадсангүй. Чуулган завсарлахаар өөрсдийн тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулзаж, тэд танаас болон таны танхимын нөхдөөс юу хүсч байгааг дахин нэг сонсоорой, эрхэм гишүүдээ. Ард түмэн та нарт ихийг хэлж өгнө дөө. Ингээд хаврын чуулганаар хэлэлцэх олон асуудалтай, хийх олон ажилтай орж ирээрэй. Шийдвэрлэх асуудал Монголоор дүүрэн байгааг эцэст нь сануулъя.

М.Уянга

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.