Ж.Мөнхбат: Монгол Улс зээлийн хүүгийн дарамтад хүлэгдчихлээ

Ж.Мөнхбат: Монгол Улс зээлийн хүүгийн дарамтад хүлэгдчихлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн  М.Оюунчимэгээс “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Асуулгад  “Зээлийн хүүг бууруулах асуудал нь Монголбанкны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэдийн ч Засгийн газар  Монголбанкны зохистой макро эдийн засгийн бодлогоор зээлийн хүүг бууруулах хүчин чадлыг дэмжин хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд засгийн газрын зүгээс болон бусад байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажлыг танилцуулбал, Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Мөн Монголбанкнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Зээлийн хүү буурахгүй байгаа үндсэн шалтгаан нөлөөлөх хүчин зүйлсийг холбогдох байгууллагууд, ажлын хэсгийн зөвлөлүүд судлан зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Засгийн газраас зээлийн хүүг бууруулах асуудалд захиргааны арга хэрэглэх нь зах зээл, эдийн засагт сөрөг нөлөө, гажуудлыг үүсгэх эрсдэлтэй тул зах зээлийн зарчмаар шийдвэрлэх нь зохистой гэж үзэж байгаа” гэлээ.

Үүний дараа  тус асуулгатай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

Б.Бат-Эрдэнэ: Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах шаардлага бий

Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах шаардлага бий. Өнөөдөр арилжааны банкуудын зээлийн дунд хүү нь 20 хувь. Үүнийг дэлхийн бусад орнуудтай харьцуулахад асар өндөр. Зээлийн хүүг захиргааны аргаар бус зах зээлийн зарчмаар явна гэдгийг асуулгад дурдлаа. Зээлийн хүү бууруулах чиглэлээр дорвитой бодлого чиглэл авах шаардлагатай байна.

Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүү өндөр байх нь эдийн засгийг боомилох аюултай

Зээлийн хүү өндөр байгаа нь эргээд эдийн засгийг боомилдог, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад зардал бий болгодог . зээлийн хүүг бууруулах чиглэлд Засгийн газар чармайн ажиллаж байна.

Ж.Мөнхбат: Гадныхан биднийг гайхаж байна

Монгол Улсыг  зээлийн хүүгийн дарамтад хүлэгдсэн улс гэж нэрлэх болсон. Гадаадын улс орон биднийг гайхаж байгаа. Гаднын улс оронд 3-5 хувийн хүүтэй зээл авч бизнес хийдэг. Гэтэл монголчууд 20-30 хувийн хүүтэй зээл авч бизнес хийж байгаа. Үеийн үед зээлийн хүүг бууруулна гэж сайхан ярьдаг л даа. Сангийн сайд ч гэсэн сайхан мэдээлэл өгч байна. Гэтэл амьдрал дээр өөр шүү. Засгийн газар ард түмнээ зээлийн дарамтаас гаргахад тууштай ажиллах хэрэгтэй. Зээлийн хүү яг хэзээ нэг оронтой тоо руу орох вэ. Гаднын банкийг оруулна гэж ярихаар 15 толгойтой мангас орж ирэх юм шиг л хэвлэлүүдээр ярих юм. Уг нь зээлийн хүүг бууруулах нэг нь гарц нь гаднын банк оруулах явдал.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.