С.Чинзориг: Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй эцэг эхчүүдэд хүсэлт гаргах эрх нээлттэй

С.Чинзориг: Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй эцэг эхчүүдэд хүсэлт гаргах эрх нээлттэй

УИХ өнгөрсөн онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай тогтоол баталсан. Энэхүү тогтоол нь маргаашаас хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ч.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр “2018 онд цаашдаа хүсэлт гаргасан хүүхдүүд хүүхдийн мөнгө өгөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх УИХ-ын 40 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд өнгөрсөн оны долоо, наймдугаар сард орон нутгуудын Хөдөлмөр, халамж үйлчилгээ хэлтсийг түшиглэж, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй иргэдийн судалгааг гаргасан. Энэ судалгааг нэгтгээд үзвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Харин УИХ 2019 оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор санхүүжилтийг нь төсөвт суулгасан. Цаана нь хүсэлт гаргасан 70 мянга орчим хүүхэд нэмж хүүхдийн мөнгө авна гэсэн үг. Зургадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ мөнгийг 2019 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан багцаас олгох бүрэн боломжтой. Тиймээс зургадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоход саад бэрхшээл байхгүй.  

Иргэдэд хандаж хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, өнгөрсөн оны долоо, наймдугаар сард харьяа газрынхаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргасан бол дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин танай хүүхдийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд орсон эсэхээ шалгаад баталгаажуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрвээ 2018 онд хийсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлээд харьяа газрынхаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн ажилтнуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ гаргах хэрэгтэй. Иргэдийн хүсэлтийг авсны дараа амьжиргааных нь түвшинг 670 оноогоор татаж үзээд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно. Хүүхдийн баярын өмнө хүсэлтээ гаргахгүй бол хүүхдийн мөнгө авч чадахгүй гэсэн зүйл байхгүй” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ч.Чинзориг дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хүсэлт гаргасан хүүхдүүдийн өмнөх саруудын мөнгийг нөхөж олгох уу?

-Өнгөрсөн жил судалгаа авахдаа хүсэлт гаргасан өрхүүдийн мэдээлэл нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн. 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төсөв баталсан. Нэмэлт эх үүсвэрийг сая шийдэж байгаа учраас нөхөж олгох тухай асуудал яригдахгүй. Зургадугаар сарын 1-нээс хойших хугацаан хүүхдийн мөнгө олгоно.

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Гэвч амьжиргааны түвшин нь 670 босго онооноос их бол олгохгүй гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан ч 670 босго оноотой айл өрхүүдэд олгоно. Босго оноо тогтоохгүй бол төсвийн эх үүсвэр дутаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа учраас эхний ээлжид босго оноонд багтаж байгаа хүүхдүүдэд олгоно. Хүсэлт гаргасан иргэдийн тоо нэмэлтээр шийдсэн эх үүсвэртээ багтаж байвал босго оноог хэрэглэх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Тиймээс нэмж орж ирэх 100-гаад мянган хүүхдээ босго оноогоо хэрэглэж шийднэ. Одоогоор босго оноондоо багтсан 70 гаруй мянган хүүхэд хүсэлтээ өгөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.