Л.Ролзодмаа: "Хэргийн эзэн" туфлиэ бас бэлдсэн байв уу?

Л.Ролзодмаа:
 
 
-Туфлиэ шинээр нь аваад бэлдчихсэн байсан юм. Шинэ гутал учраас холгох вий гээд болгоомжлоод гэртээ хоёр хоног өмссөн. Тэгэхэд сугарах нь байтугай барих шинжтэй байлаа (инээв). Би жижиг өмсгөлтэй. Сэтгэлд таарах загвар тэр бүр олддоггүй учраас таарсан гутлаа олж аваад баярлаж байсан. Ордонд ороод одонгоо авах хүртэл зүгээр л байсан. Гэтэл яг Ерөнхийлөгчийн өмнө очоод сугарчихсан.
 
-Хазгай гишгээд сугарчихсан юм уу, эсвэл өөрөө л сугарчихсан уу?
 
-Өөрөө л сугарчихсан.
 
 
Гэрэл зургийг mpa.mn
-Сандарсан уу. Ерөнхийлөгч танд ямар нэгэн зүйл хэлэх шиг болсон?
 
-Тэр үед Ерөнхийлөгчийг чилээчихлээ гэж их эмзэглэсэн. Гэтэл дараа нь бичлэгээ хартал нэг их удаагүй юм билээ. Мэдээж сандралгүй яах вэ. За баларсан гэж бодоод гутлаа ямартаа ч өмсөхөөр шийдсэн. Гэтэл Ерөнхийлөгч өөдөөс “Зүгээр, зүгээр. Нэгмөсөн хоёуланг нь тайлчихгүй юу даа” гээд хошин өнгөөр инээгээд хэлэхэд шууд л тайвширсан. Ерөнхийлөгч маань их энгийн, гоё хүн юм билээ. Албаны уур амьсгалтай байсан бол бүр илүү сандрах байлаа.
 
-Тэр үйл явдал ингэж олон нийтэд хүрнэ гэж бодоогүй биз?
 
-Ёстой үгүй. Албаны арга хэмжээ юм чинь тийм фактыг хасчихдаг байх гэж бодоод нэг их тоогоогүй, гэрийнхэндээ ч хэлээгүй. Одонгоо аваад гэр бүлээрээ гэртээ ирээд хоол цай болж байтал дүү маань утсаа үзэж байгаад “Энэ юу вэ” гээд л гаргаж ирээд, гэрээр нэг инээдэм болцгоосон. Түүнээс хойш ах дүүс, найзууд, таньдаг хүмүүст бүр инээдтэй санагдсан биз. Дахин дахин үзлээ, ямар инээдтэй юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэцгээсэн хүмүүс л байлаа.
 
-Олон нийтийн сүлжээнд таны гаргасан үйлдэл эерэг энергийг сайн түгээж байна. Та ч харж уншиж байгаа байх. Ямар санагдах юм?
 
-Миний будилж, хөглөсөн явдлыг олон нийт маань харин ч эерэг талаас нь харж гэр бүл, үр хүүхдэд маань аз жаргал хүссэн сэтгэгдэл олонх нь байсан. Маш сайхан байна. Маш их баярласан. Шүүмжилж болох байлаа. Гэтэл эсрэгээрээ ийм сайхан урмын, талархлын үг илгээж байгаад баярлаад баршгүй.
 
-Таны хувьд болон гэр бүлд тань мартагдашгүй дурсамжийн нэг болж үлдэв үү дээ?
 
-Хэзээ ч мартахгүй байх. Ээж маань ч хэлж байсан. Хүүхдүүд чинь насаараа ярих зүйлтэй боллоо гэж.
 
-Одон авсан паянг нөхөр тань хэрхэн хүлээж авав?
 
-Нөхөр маань шүүмжлээгүй. Инээдтэй юм бэ гээд л байгаа. “За одоо тэдэн шейр хүрчихсэн байна, мэдээгүй хүн алга" гээд л охидтой нийлж инээлдээд хөгжилтэй сэтгэгдлүүдийг уншиж өгдөг болсон. Тэр явдлаас болж 1, 2-нд өдөржингөө инээлдсээр өнжсөн. Одоо ч гэсэн найз нар таньдаг хүмүүс, дэлгүүрт ороход худалдагч нь хүртэл "Одонгоо авсан байна. Баяр хүргэе. Ёстой хөгжилтэй явдал болжээ” гээд бүгд мэдсэн байна лээ.
 
-Ингэхэд Эх үрсийн баяраа хэрхэн тэмдэглэв?
 
-Өглөө эрт босож бужигнаад, арай хийж дээлээ цагт нь амжуулж аваад үсээ янзлуулсан. Тэгээд Төрийн ордон ороод фактаа тарьчихаад халуун ам бүлээрээ зургаа авахуулаад л цааш үргэлжилсэн дээ. Өдөржин л инээлээ дээ. Ер нь манай гэр бүлд зургаадугаар сарын 1 болгонд ямар нэг юм болдог юм.
 
-Ямар гэж. Ер нь жил бүр ийм паянтай юм биш биз. Бүр нэг цаанаасаа тохиодог тохиол байдаг даа?
 
-Паян гэхээс илүү энэ өдөр манай амьдралд их утга учиртай өдөр болдог юм. Нөхөр бид хоёр 2004 оны зургаадугаар сарын 1-нд хуримаа хийж байсан. 2005 оны зургаадугаар сарын 1-нд том охиноо өлгийдөөд авчихсан байлаа. Жил бүрийн баяраар гэр бүлийн гишүүн нэмсэн том баяр болдог. Гэр бүлийн баяр, дээр нь хүүхдийн баяр гээд л зургаадугаар сарын 1-нд ямар нэг гоё үйл явдал заавал болоод байдаг юм. Ер нь миний амьдрал цаанаасаа л хүүхэдтэй холбогдоод байдаг.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.