Алдагдалтай төсвийг аравхан хоногт

Алдагдалтай төсвийг аравхан хоногт

Хуулийн хугацаанд хавчигдсан улсын төсвийн төсөл Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн араас зүүгдсээр арайхийн батлагдахаар болж байна. Засгийн газар ч, УИХ ч тэр хүсэлд нийцсэн төсвөө нүглийн нүдийг гурилаар хуураад, хуурай чигээр нь аваад гарах нь УИХ-ын сонгууль, улс төрийн увайгүй эрх ашиг нэвт шувт үнэртсэн төсвийн төсөл парла­ментын босгыг давлаа. Түмнийг туйлдуулж, төрийг доройтуулсан үрэлгэн зангаа засахыг 2016 оны сонгуулиас хойш дотоодын эдийн засагчид, гадаадын бай­гууллагууд сануулсан. Гэтэл өмнө­хөөсөө сургамж авч, сэрэмжлэх учиртай төсвийн бодлого тодорхойлогчид өнөөх гэмээ засах нь бүү хэл алдсан замаараа хямралын зүг хээв нэг алхаж байна.

Сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардал өсдөг Улс төрийн сонгуулийг угтан төсвөө байдгаар нь тэлж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн зан эргэн сэдэрчээ. Парламентын сонгуулийн жил буюу 2012 онд 1.2, 2016 онд бүр 2.3 их наяд төгрөгөөр талийтлаа тэлсэн улсын төсөв 2020 онд ч энэ уламжлалаасаа хазайхгүй нь. Ирэх жилийн төсвийг өргөн барьсан хэвээр нь баталбал зарлага 2019 оныхоос 2.3, 2018 онтой харьцуулбал дөрвөн их наяд төгрөгөөр өснө.

Төсөв яагаад ингэтлээ тэлэв. Урсаад дуусчихдаг урсгал зардлыг ирэх онд 1.8 их наяд төгрөгөөр өсгөжээ. Үүний дий­лэнхийг төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бүрдүүлж буй аж. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин нэмэхэд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулах бол тэтгэвэр, тэтгэмж өсгөхөд 168 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх чамин үгсийг улс төрчид бахархалтай нь аргагүй ярихад иргэдэд тун чихэнд чимэгтэй сонсогддог. Гэвч сонсоод л баймаар энэ сайхан үгс үнэндээ зарлагаа ч гүйцдэггүй ядруухан төсөвт хүнд ачаа болдог.

2020 оны төсвийн зардлын өсөлт ийнхүү нийгмийн хамгаалал руу чиглэжээ. Улс төрийн сонгууль болох жил эрх баригчид сонгогч­доос “оноо” авахын тулд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмдэг, нийгмийн хамгааллын бусад зардлыг өсгөдөг хуучирсан аргыг энэ удаад ч Засгийн газар сонгожээ.

Ингэж “оноо” аваад зогсохгүй сонгуулийн тойргуудаа услах мөнгийг нь улстөрчдөд бэлтгэж өгөхөө ч мартсангүй. Ирэх онд шинэ цэцэрлэг, сургууль, музей, театр гээд сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр хөвөрч буй бүтээн байгуулалтын нийт зардал 3.6 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оныхоос 13 хувиар өссөн дүн. Урьд хожид хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийхээр тооцчихсон байна.

Ийнхүү мөнгөөр хахаж цацаж байгаа юм шиг зарлагаа дураараа өсгөсөөр байтал Монгол хэмээх их айлын зардал нь 13.9 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл бидний олох боломжтой хэмээн үзэж буй орлого 11.8 их наяд төгрөг. Ингээд үзэхээр Сангийн яамнаас өргөн барьсан төслөөр төсөвт нь 2.1 их наяд төгрөгийн “цоорхой” үүснэ.

Төсвийн гундашгүй өөдрөг төсөөллийг эдийн засагчид хүртэл “биширч” байна
Гэтэл энэ мөнгийг олох арга бүрхэг. Энэ оны төсөвт тусгаад бүтэлгүйтсэн гааль болон татвар, газрын бүртгэлийн шинэчлэлд дахиад найдлага тавьж, орлогоо 1.8 их наяд төгрөгөөр өсгөнө хэмээн Сангийн яам төсөөлж байна. Урдаа барьдаг уул уурхайгаас төсвийн орлогын 3-4 төгрөг тутмын нэг буюу 3.2 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Тухайлбал, энэ оны төсөвт тусгаад бүтэхгүй нь өдөр өдрөөр ойлгомжтой болж буй 42 сая тонн нүүрс ирэх онд дахин экспортлохоор төлөвлөсөн бадрангуй төсөөлөл, гундашгүй өөдрөг үзлийг жирийн иргэдээс эхлээд чадварлаг эдийн засагчид хүртэл “биширч” байна. Уул уурхайд хөрөнгө оруулагчдыг үргээх дараалсан популист шийдвэрүүдийнх нь дараа энэ зорилт биелэх эсэх нь улам бүр л бүрхэг болж байна.

Үнэнийг хэлэхэд, энэ жилийн төсөвт тусгасан гааль, дэд бүтцийн шинэчлэл бүтэж, экспортын зорилго биелээгүй ч төрийн данс улайгаагүй нь Сангийн яам сайн ажилласан гэхээсээ илүү олон улсын зах зээл дэх таваарын ханшийн тааламжит байдлаас үүдэлтэй. Гэтэл энэ жил биднийг ивээсэн ханшийн “тэнгэр” ирэх онд харж үзэхгүй нь тодорхой болж, өнгөрсөн улирлаас түүхий эдийн үнэ гулсаад эхэллээ. Энэ нь дэлхий рүү ойртсоор буй эдийн засгийн хямралын дохио болохыг ч шинжээчид сануулж байна. Таваарын зах зээлийн ханшийн уналт, дэлхийн эдийн засгийн хямрал, улмаар их хэмжээний өр төлбөр биднийг хүлээж байхад бид баяжих нь баараггүй хэмээн сохор азанд найдан, байгаа мөнгөө барах төсвийн төслийг өргөн барьж байна. Үүнийг ч эдийн засагчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа.

“Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээний дүн буюу 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор 2020 оны төсөвт төлөвлөсөн. Гэтэл энэ мөнгө биднээс хамаарахгүй. Тиймээс энэ мөнгийг бүрэн олно гэж бооцоо тавих боломжгүй. Гэтэл ийм эргэлзээтэй байдлаар орлого олохоор төлөвлөсөн атлаа 14 орчим их наяд төгрөгийн зарлага гаргахаар тусгасан нь эдийн засгийг хиймлээр тэлэхэд хүргэж байна. 2020 онд ОУВС-гийн хөтөлбөр дууссаны дараа эдийн засгийн сэргэлтийн голдирлыг хэвийн хадгалахад өнөөгийн өргөн бариад байгаа төсвийн төсөл шаардлага хангахгүй” хэмээн Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг хатуухан шүүмжлэв. Тэгвэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Түв­шинтөгс “Хоёр их наяд төг­рөгийн алдагдалтай төсөв батлаад байхаар Монгол Улс өрийн үйлчилгээний хүүд нэг их наяд төгрөг төлөөд байна. Тиймээс алдагдлыг бууруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг нэлээд чангалах хэрэгтэй” хэмээн дүгнэжээ.

Ийм хүнд жил биднийг хүлээж байхад хойтон жилийн сонгуулийн ялалтаа бодож, хавтгайрсан халамж, оноо авах гэсэн харалган шийдвэрүүдээ олшруулбал эрх баригчид эдийн засгаа дээрээс дэвссэнээс ялгаагүй. Төсвийн зардлаа тэлж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмж байгаа нь сайхан ч төсвийн зарлага нэмэгдэхийн хэрээр алдагдал нь өсдөг. Алдагдлаа орлогоороо нөхөж чадахгүй Монгол Улс үүнийг төлөхийн тулд гадаад, дотоодоос зээл авна. Ингээд эцэс төгсгөлгүй чөтгөрийн тойрог Монгол Улсын төсвийн бодлогод эргэлдэнэ.

Ирэх онд нэмж бонд гаргах­гүйгээр төсвийн алдагдлыг нөхнө хэмээн Сангийн сайд мэдэгдсэн. Төсвийн алдагдлын 1.29 их наяд төгрөгийг гадаадын байгууллагын зээл болон бусад санхүүжилтээр нөхнө. Төсвийн тогтворжуулалтын сангаас 478.8 тэрбум төгрөг төсөв рүү татах төсөл санаачилсан байна. Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг хаах мөнгийг Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлалаас гаргах нь. Уг нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийг тогтворжуулах зорилгоор тус санг байгуулсан. Гэтэл эдийн засаг өсөж байхад төсвийн зард­лын өсөлтийг хаахаар сангаа хэм­лэж, улсын хэтэвчийг цоолох нь.

Нүглийн нүдийг гурилаар хуурах нь
Дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуулийн нөлөөгөөр төсөвт үрэлгэн, хүнийрхүү сэтгэлээр хандсан төсвийн төслийг сангийн бодлого тодорхойлогчид УИХ-д өргөн барьсан байна. Гэтэл хамгийн халагламаар нь энэ төслийг УИХ завсар зайгаараа хэлэлцэх аж.

“Арваннэгдүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Түүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг рүү орсон тохиолдолд завсарлага хооронд зөвхөн хугацаатай асуу­дал хэлэлцэж болдог. Хоёр хэлэл­цүүлэг хоорондын завсарлага 7-10 хоног үргэлжилж байгаа шүү дээ. Тэгэхээр төсвийг завсарлага хооронд хэлэлцэж болох юм” хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлжээ.

Монгол Улсын 2020 оны хөгжлийн зураглал болсон энэ баримт бичгийг УИХ-д завсарлага дундуур зүтгүүлэх нь. Хуулийн хугацаанд хавчигдсан төсвийн төсөл Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн араас зүүгдсээр арайхийн батлагдах нь. Гэтэл улсын төсөв хэмээн баримт бичиг нь УИХ-ын гишүүдийн чөлөөт цагаараа “машиндчихдаг” тоглоом уу. Үнэнийг хэлэхэд, ирэх жилийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог энэ баримт бичгийг 10-хан хоногийн дотор шудраад өнгөрөх бус ул суурьтай хэлэлцүүлэхийн тулд хуулийн хугацааг тусгайлан зааж, жил бүрийн намар УИХ-ыг хуралдуулдаг.

Гэтэл Засгийн газар нь ч, УИХ нь ч тэр хүсэлд нийцсэн төсвөө нүглийн нүдийг гурилаар хуураад, хуурай чигээр нь аваад гарах нь. Харин ийм төсөв өнөөдөр биш юм аа гэхэд маргааш миний, таны талхны үнэд нөлөөлж, хэтэвч дэх хэдэн төгрөгт тань зөвшөөрөлгүйгээр гараа дүрнэ. Ийм инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр жүжгийн төгсгөл нь Монголын эдийн засгийг ирэх жилүүдэд олстой дүүжлүүрийн дэргэд аваачиж байгаа юм.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.