Шинэ нам 750 тэрбум төгрөгийг нийт ахмадуудад тэгш хүртээх нь зүйтэй гэж үзлээ

Шинэ нам 750 тэрбум төгрөгийг нийт ахмадуудад тэгш хүртээх нь зүйтэй гэж үзлээ

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс өнөөдөр тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ- шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, намын дарга Ж.Батзандан хэлэхдээ “Салхитын мөнгөний ордыг барьцаалан, бонд босгох замаар 750 тэрбум төгрөгийг өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах зөвлөмжийг ҮАБЗ-ийн гишүүд гаргасан нь хуулийн төсөл болж, өнөөдөр ТББХ-гоор хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд өндөр насны тэтгэвэр авч буй 305 мянган хүн байна. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын тоо ойролцоогоор 240 мянга. 750 тэрбум төгрөгийг зөвхөн 240 мянган ахмадын тэтгэврийн зээлийг хаахад зориулах нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварлан гадурхсан асуудал болж байна гэж иргэд, олон нийтээс гомдол гаргаж байгаа. Зээл авсан нь хожиж, зээл аваагүй ахмадууд нь хохирч үлдэх нь шударга ёсонд нийцэхгүй, Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” хэмээн заасан байдаг. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим. Иймд Салхитын мөнгөний ордыг барьцаалж босгох 750 тэрбум төгрөгийг тэтгэврийн насны бүх ахмадад адил тэгш, тэнцүү хэмжээтэй хүртээх нь зүйтэй гэдэг шийдвэрйг ШИНЭ намын Ерөнхий зөвлөлөөс гаргасан. 750 тэрбум төгрөгийг 305 мянган ахмадад хуваахад, нэг хүнд ойролцоогоор 2.5 сая төгрөг оногдож байна. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж, ахмадуудыг ялгаварлан гадуурхахгүйгээр бүх ахмадад тэгш олгох нь зүйтэй гэдэг саналаа УИХ руу оруулж байгааг та бүхэнд дуулгая” хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд “Хамгийн өндөр тэтгэвэртэй аравхан мянган хүн энэ хуулийн дагуу 100 тэрбум төгрөг авах гэж байна. Гэтэл 100 мянган бага тэтгэвэртэй, бага зээлтэй иргэн мөн адил 100 тэрбумыг авах гэж байна. Зээл аваагүйнхээ төлөө бусад ахмадууд нь төрийн халамжийн гадна үлдэж болохгүй. Ийм шударг бус хуваарилалт хийж болохгүй. Үүний төлөө манай нам шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол бид нөгөөдөр буюу 1 дүгээр сарын 10-ны өдөр сануулах жагсаал цуглаан эхлүүлнэ” гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “ШИНЭ намын ЕЗ-өөс гаргасан хоёр дахь шийдвэр нь Тэтгэврийн зээлийг хаах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Энэ бол хүний эрхэнд халдаж байгаа, Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчсөн санал бөгөөд өнөөдөр зах зээлийн нийгэмд хуулийн өмнө тэгш эрхтэй иргэн, банк хоёр зээлийн харилцаанд орсон байхад гуравдагч этгээд төр дундаас нь орж, хүний дахин зээл авах эрхийг хаана гэдэг бол маш бүдүүлэг, зах зээлийн эсрэг шийдэл. Үүнийг ШИНЭ нам эсэргүүцэж байгаа.” хэмээн мэдэгдсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мө” хэмээн заасан байдаг. Гэтэл үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй төрийн тэргүүнээсээ эхлээд ҮАБЗ нь бүхэлдээ иргэдээ явгаварлан гадуурхсан шийдвэр гаргаж байгааг ШИНЭ нам хатуу эсэргүүцэж, нийт ахмадад тэгш, хүртээмжтэй хуваарилах байр суурин дээрээ зогсох болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.